Цэс

Холбоо барих

Байнгын хороо Улсын Их Хурлын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2018.06.08) хуралдаж, Улсын Их Хурлын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсантай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаан 17 цаг 22 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм.


    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын  бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулав.

     Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 21.1-т “…Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална…”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “…Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална...” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 29.3-т “…Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна…” хэмээн заасан байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Муратад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 14.1, 2-т нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналтай байгааг Монгол Улсын Ерөнхий прокурор танилцуулгад дурдлаа. 


   Мөн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны гишүүн Н.Энхболд танилцуулсан. Тус дэд хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг санал нэгтэй дэмжсэн байна.

   Монгол Улсын Ерөнхий прокурорын санал, танилцуулга, дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, мөн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

   Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуульд заасны дагуу санал хураалтыг нууцаар явуулах, мөн нууц санал хураалтыг саналын хуудсаар явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Иймээс нууцаар санал хураалт явуулж, дүнг хуралдаанд танилцуулах тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, О.Содбилэг, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах тухай Байнгын хорооны тогтоол баталсан юм.

    Энэ үндсэн дээр тооллогын комисс хуралдаж, комиссын даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатыг сонгож, нууц санал хураалт явуулах журмыг гишүүдэд танилцуулж, нууц санал хураалтыг зохион байгуулж явуулав. Нууц санал хураалтын дүнгээр Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь буюу 61.54 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан энэ талаарх саналаа танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 14.1, 2-т нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналтай байгааг Монгол Улсын Ерөнхий прокурор танилцуулгадаа дурдаж, үндэслэлээ тайлбарласан юм. 


    Уг асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуралдаанд танилцуулав. Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг санал нэгтэй дэмжсэн байна.

    Ерөнхий прокурорын танилцуулга, дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

    Ингээд хэлэлцэж байгаа асуудлаар нууц санал хураалт явуулах, нууц санал хураалтыг саналын хуудсаар явуулахаар тогтож, нууц санал хураалтыг зохион байгуулж явуулах тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, О.Содбилэг, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын ахалсан тооллогын комисс гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх нууц санал хураалтыг явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь буюу 61.54 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлдүүлэхийг дэмжив. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл