ХЗБХ: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

  2018-10-02 14:22  287

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2018.10.02) 11 цаг 20 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцэв. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалах, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх замаар нийгэмд шударга ёс, дэг журмыг тогтоох нь төрийн үндсэн чиг үүргүүдийн нэг гэдгийг төсөл санаачлагч танилцуулгынхаа эхэнд онцоллоо. 


Монгол улсад 1990-ээд оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад эрүүгийн хууль тогтоомжид заасан 200 гаруй гэмт хэргээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байгааг төсөл санаачлагчийн илтгэлдээ С.Бямбацогт гишүүн танилцуулав. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие мах бодид гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг, мөн залилан мэхлэх гэмт хэрэг 10 орчим хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн ойролцоо хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн гэх нэршил аваад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдалах болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоог нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоотой харьцуулахад эзлэх хувь бага боловч нийгэмд учруулах хор уршиг, аюулын хувьд өндөр бөгөөд сүүлийн жилүүдэд тоо нь хурдацтай өсөж байгаа гэв.  


Монгол улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгааг тэрбээр танилцуулгынхаа үеэр дурдав. 2017 онд улсын хэмжээнд 32,2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,0 мянга буюу 18,7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 37,2 мянган хүн хохирсноос 4,7 хувийг нь хүүхэд, 48,8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн нь жил ирэх тусам гэмт хэргийн учруулж байгаа хохирол, хор уршиг өсөн нэмэгдэж байгааг харуулж байна гэлээ. 

Зөрчлийн хуулийн хүрээнд зөрчлийг бүртгэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 4500 орчим, жилдээ 1.2 сая орчим бүртгэгдсэн аж. Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа төдийгүй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ. 

1997 онд батлагдсан хуульд зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хамаарч байсан бол төслөөр зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж, өргөжүүлсэн байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар төсөлд тусгажээ. Тодруулбал, уламжлалт чиглэлүүд буюу ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж тусгаж, чиглэл бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт үргэлжлүүлэн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлээд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг дайчлах, уриалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд тун чухал үүрэг гүйцэтгэнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оролцдог, хувь нэмрээ оруулдаг байх нь зүйтэй. Олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээ мэдээллээ түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хуульчилсан үүрэгтэй байх нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагаас мэдээ мэдээлэл бэлтгээд олон нийтэд түгээх гэхээр МҮОНРТ-ээс бусад хэвлэлд төлбөр төлөх болдог. Тиймээс бүх нийтийн төлөөх, нийгмийн аюулгүй байдлын төлөө хэвлэл мэдээллийн бүх байгууллага тодорхой үүрэг хүлээж, холбогдох байгууллагаас бэлтгэж өгсөн мэдээ, нэвтрүүлгийг олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээх үүргийг хүлээлгэх нь зүйтэй” гэв. Тэрбээр энэ нь өмчид халдаж буй хэлбэр биш гэдгийг онцолсон. Нийтийн өмч болсон долгионыг ашиглан үйл ажиллагаа явуулдгийн хувиар хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үр нөлөөтэйгөөр оролцоотой байхыг хуульчлах саналыг хэллээ.   

Ийнхүү төслийн талаар хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 8 дугаар сарын  22-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна. 


Үндсэн хуулийн цэцийн дээр дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар тодруулга хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, С.Бямбацогт нар санал хэлэв. 

Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу УИХ-ын нөхөн сонгуулийн товыг 14 хоногийн дотор зарлахаар УИХ-ын тогтоолыг батлуулсан. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй гэв. 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлсэн болохоо Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд тайлбарласан гэлээ. 


Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуульд оролцох төрийн албан хаагчид тухайн оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай заасан байгааг Л.Мөнхбаатар гишүүн дурдаад “Нөхөн сонгуульд оролцох бол үүнтэй холбоотой зохицуулалтыг тусгайлан тусгаагүй байгаа юм. Тиймээс нөхөн сонгуульд оролцох хүсэлт бүхий төрийн албан хаагчдын талаарх зохицуулалтыг хуульд тусгахаар холбогдох төслийг боловсруулах нь зүйтэй” гэдэг саналыг хэлэв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт гарсан даруйд Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай гурван хуулийн төслийг боловсруулан, үр нөлөөний судалгаа хийлгэхээр Засгийн газарт хүргүүлээд байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны үеэр ээлжит сонгуулийн үеэр иргэд сонгогдох эрхээ эдлэх боломжтой, харин нөхөн сонгуульд бол энэ эрхийг нь эдлэх боломжгүй болж байгааг хэлэлцсэн гэв. Иймд бусад орны ээлжит болон нөхөн сонгуультай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судалгаа хийсэн байна. УИХ дээрх тогтоолыг Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн баталсан, харин Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалттай зөрчилдөж байна гэж үзвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж нээлттэй гэдгийг тэрбээр тайлбарлалаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төрийн албан хаагч аль нэг шатны сонгуульд оролцох бол 6 сарын өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх зохицуулалтыг өөрчилж, 3 сар болгох нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. 


Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд ийнхүү санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-10-02 13:48  287