Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй парламентын төлөөлөгчид Япон Улсад ажлын айлчлал хийлээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Ундармаа, Д.Ганболд нар багтаж, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, дэд дарга Х.Акамацү, Японы парламентын Төлөөлөгчдийн гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дарга М.Хаяаши, Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гунжи, Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Ямазаки, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Окамото нартай ажил хэргийн уулзалтууд хийлээ.


Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, дэд дарга Х.Акамацү нартай хийсэн уулзалтаар хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг бүх салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх, дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэх, Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэх , одоо хэрэгжиж байгаа Монголын 1000 инженер сургах хөтөлбөрт эхний 200 оюутан хамрагдаад амжилттай суралцаж байгааг онцолж байлаа.

Монголын парламентын төлөөлөгчдийн зүгээс Японд гаргах экспортын хэмжээг өсгөх талаар анхаарч ажиллах, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, парламентын ажлын алба, Тамгын газрын ажилтнуудыг харилцан солилцох, туршлага судлуулах талаар хамтран ажиллах саналуудыг тавилаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад Япон Улсаас худалдаа, эдийн засгийн салбарт 262 сая ам.долларын санхүүжилт хийгдсэнээс тал хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарын, үлдсэн хувийг нь банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалт эзэлдэг. 2017 оны жилийн эцсийн байдлаар Японы худалдааны гүйцэтгэл 377,9 сая ам.доллар байхад манай экспорт дөнгөж 14,8 сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт тул бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг хөндөж ярилцлаа.


      Мөн Япон Улсаас Монгол Улсад олгосон зээлийн үр дүнгийн талаар хоёр тал харилцан ярилцаж, үр өгөөжийг сайжруулах талаар санал солилцов. Монгол Улсын төсвийн нөхцөл байдлыг шинэчлэн сайжруулах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээг Япон Улсын Засгийн газар дэмжиж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны голлох оролцоотой олон улсын дэмжлэгийн хүрээнд гурван жилийн хугацаанд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ хийгдсэн. Энэхүү дэмжлэгийн эхний ээлжийн 280 сая ам.долларын санхүүжилт нь монгол төгрөгөөр ойролцоогоор 700 тэрбум орчим төгрөг бөгөөд Монгол Улсын тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж хоёр орны эдийн засгийн шинжээчид дүгнээд байна. 

     Зээлийн үндсэн шаардлага нь Монгол Улсын Засгийн газраас төсвийн сахилга батаа сайтар хангах, Япон Улсын Засгийн газраас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах, мөн “Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах”, “Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх”, “Эдийн засгийн өсөлтийг дэмжих” гэсэн үндсэн гурван шинэчлэлт хийгдэх зорилтын хүрээнд зарцуулагдсан. Үүний үр дүнд Монголын эдийн засагт нааштай үзүүлэлт гарч, төсвийн хувьд хөл дээрээ босох эхлэл тавигдсан гэж үзэж байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлынын дэд даргын зүгээс  дээрх зээлийн дараагийн ээлжийн 150 сая ам.долларын зээлийн асуудлыг түргэтгэх санал тавилаа. 


      Хоёр тал Монгол Улс нь дан ганц уул уурхайд түшиглэн хөгжих бус олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тал дээр санал нэгдлээ. Япон Улсаас аялал жуулчлал хийх хүсэлтэй иргэдийн тоо өсч байгаа хэдий ч нислэгийн тоо цөөн, Японы аялал жуулчлалын компаниудын саналыг хүлээж авдаггүй гэсэн гомдол байдаг, мөн Японы Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа  Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг 2019 онд бүрэн ашиглалтад оруулбал Японоос Монголыг зорих жуулчдын тоо эрс өсч, хүчин чадал нэмэгдэнэ гэж тооцож байгааг Японы тал онцоллоо. Түүнчлэн Япон Улсаас Монголд хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдээс Жайка олон улсын байгууллагын “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөрийг нэрлэдэг. Монголын баялаг бүтээгчид Япон Улсад бизнес эрхлэх боломж нээлттэй, үүний жишээ бол Ибараки мужид Монголын компани чацаргана тарих, цаашлаад монгол чацарганаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Японы хэрэглэгчдэд хүргэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцолж байв.

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалангийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал, Японы парламентын хоёр танхимын удирдлагууд, Гадаад хэргийн дэд сайд нартай хийсэн ажил хэргийн уулзалтууд нь хоёр орны парламентын хамтын ажиллагаа, хоёр орны улс төр, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг эрчимжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч айлчлал боллоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл