Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна

2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргаа, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагууд, их, дээд, дунд сургууль, нийтийн номын сангуудад үнэ төлбөргүй тараах ажээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр нийт 70 гаруй байгууллагад 5 мянга 600 орчим “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг үнэ төлбөргүй тараахын зэрэгцээ түүнийг “Монгол шуудан” компаний салбараар дамжуулан байгууллага, иргэдэд захиалах боломжийг олгов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар зарим байгууллага, иргэдээс эмхэтгэлийг захиалах санал хүсэлт гаргасныг харгалзан ийм шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Улсын Их Хурлын Тамгын газар 2012 оноос эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн долоо хоног тутмын дугаар бүрийг төдийгүй олон улсын гэрээ, конвенци бүхий “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг цахим хэлбэрт тус тус шилжүүлж түүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Үндсэн хууль болон бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан монголын цорын ганц хэвлэл” Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэц болон Улсын дээд шүүхийн шийдвэр зэрэг эрх зүйн акт албан ёсоор нийтлэгддэг билээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь 22 дахь жилдээ энэхүү хэвлэгдэн гарч байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


2013 оны 12 дугаар сарын 30
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл