Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ба олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай Ажлын хэсгээс мэдээлэл танилцуулав

  2017-12-18 11:43  399

Төрийн байгууллагуудын төлөөлөл, судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүд, улс төрийн намуудын төлөөлөл, АИХ, УБХ-ын гишүүдийн төлөөлөл оролцож буй “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, уг төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн талаарх Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал” сэдвээр танилцуулга хийлээ.


Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсанаас хойш 26 жил өнгөрчээ. Бүтэн 26 жил хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь энэ Үндсэн хуулийн томоохон ололт мөн. Өнөөдрийн хуралд 1992 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хувилбаруудыг гаргах, Ажлын дэд хэсгүүдэд орж ажилласан судлаачид оролцож байгаа юм. Өнгөрсөн жилийн яг өдийд “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Тус хурлаар Үндсэн хуулийн 25 жилийн ололт, амжилт, алдаа, оноо бүхнийг дүгнэсэн бөгөөд нийгмийн хөгжилд нийцүүлэх, зарим зүйлийг тодотгох шаардлагатай хэмээн үзэж, зөвлөмж гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн, судлаач, хуульч, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Энхбаатар ажилласан юм. Ийнхүү иргэдийн санал бодлыг судлахдаа нам бус судлаачид улс орон даяар судалгаа авч, дүнг нэгтгэн гаргасан байна. Тус ажлын хэсэг судалгааныхаа үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарим шаардлага буй болсныг хүлээн зөвшөөрч, 40 гаруй зүйлийг анхаарах шаардлагатай гэсэн хөндлөнгийн, хараат бус дүгнэлтийг гаргаж тодорхой санал дүгнэлт боловсруулсан байдаг.

Улсын Их Хурлын даргын захирамжаар 2016 онд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэх асуудлыг судалсан. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримтлах нь зүйтэй гэдэг зарчмыг баримталсан болохыг илтгэгч онцолж байв.

Доктор Ч.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсгийн судалгаанд үндэслэн зургаан сэдвийг багцлан, Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлсэн. Энэхүү зөвлөлдөх санал асуулгад улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс газар дээр нь очиж, санал асуулга авсан бол дараа нь дээрх иргэдийн 50-иас доошгүй хувь буюу 785 иргэнийг түүврийн аргаар сонгож, санал асуулгын сэдвүүдийн талаар тэнцвэртэй мэдээллээр хангаж, Төрийн ордонд хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулан, анх авсан санал асуулгын хуудсаар саналыг дахин авсан юм. Тодруулбал, зөвлөлдөх санал асуулгад оролцож буй иргэдийг 15, 15-аар 49 групп болгон тэдний ярилцуулж, мэтгэлцүүлэн, мэргэжилтнүүдээс мэдээлэл авах бололцоогоор хангаж, тунгаах зарчмаар хэлэлцэн зөвлөлдөх боломжоор хангасан юм. Ингээд иргэдээс судалгаа авахад 6 багц сэдвээс Монгол Улсын парламентын хоёр танхимтай болгох, Ерөнхийлөгчийг парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох гэдэг хоёр санал дэмжигдээгүй аж. Үүний дараа энэхүү Зөвлөлдөх зөвлөлийн гаргасан зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хуулийн төслийг боловсруулан, Улсын Их Хуралд хүргүүлсэн. Үүнийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санаа бодлыг авах, хэлэлцүүлэх ажил таван сарын турш хийгдэж,  327000 санал ирүүлсэн. Эдгээрээс нэг ч санал орхигдуулахгүй байхыг эрхэмлэж, саналуудыг нэгтгэн архивын нэгж болгосон. Түүнчлэн иргэдийн дунд хийсэн хэлэлцүүлэг бүрийг цаасаар буулган, үүнд дүн шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ хугацаанд бишгүй олон зүйл, шүүмжлэл сонссон. Энэ нь эрүүл саруул үзэгдэл хэмээн тооцож байгааг онцолсон. Нэг хэсэг нь Үндсэн хуульд дорвитой шинэчлэл засвар хийх нь зүйтэй, энэ удаагийн төслийн хүрээнд хангалтгүй хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан өөрчлөлт хийх нь гэдэг шүүмжлэл ч гарч байлаа. Ингээд олон нийтээс авсан саналуудаас Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх санал дэмжигдээгүй, харин Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах санал нь 53 хувиар дэмжигдсэн юм. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг сэдвийг онцолж мэдээлснээр олон нийтийн хандлагад нөлөөлж байгааг бид харсан. Товчхондоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн боловсруулах ажил ийм л ээдрээтэй, бартаатай замаар үргэлжилж байгааг зориуд тэмдэглэх нь зүйтэй. Харин Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримтлах, нэмэлт, өөрчлөлтөөс үүдэн Үндсэн хуулийн суурь зарчим өөрчлөгдөхгүй гэдэг зарчмыг баримталж ажиллаж байна.


Түүнчлэн 2000 оны “Дордуулсан долоо” хэмээн тодотгодог тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг буцаах, хуучин заалтуудыг эргээд сэргэх ямар боломж байгааг судалж үзэж байна. Энэ мэтээр олон өөрчлөлтийн тухай яригдаж байгаа ч үндсэн таван багц сэдвийн хүрээнд 20 гаруй зүйл, заалтад өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа юм. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар явагдаж байгаа бөгөөд одоо олон нийтээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн дүгнэж, шинжээд төслийг эцэслэн  боловсруулна. Үүнийгээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд, холбогдох байгууллагуудаас санал авч, хэлэлцүүлэн, Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн үеэр зүйл бүр нь ¾ дэмжлэг авсан тохиолдолд эцэслэхдээ 2/3 дэмжлэг авсан тохиолдолд ард нийтийн санал асуулгаар батлагдах юм. Ийм олон шат дамжлагатай үйл явцын хамгийн нарийн шүүлтүүр болох эрдэмтэн-хуульчид, судлаачид, улс төрийн намын төлөөлөл, Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатууд оролцсон эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Өнөөдрийн Та бүгдийн танилцуулах илтгэл, санаа бодол бол Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсгийн хувьд онол, арга зүйн өндөр ач холбогдолтой байх болно гэдгийг онцолмоор байна. Гавьяат хуульч Б.Чимэд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий эсэх тухайд “Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй. Харин төрийн байгууламжийн тогтолцоо, түүний зарчмын суурь асуудлын хувьд Үндсэн хуулиар оролдох нь төр улсын амьдралд хор хохирол учруулж болзошгүй гэдгийг санаж явах учиртай” хэмээн  бичсэн байдаг. Бид бүхэн энэ өөрчлөлтүүд дээр маш нягт нямбай хандахаас өөр сонголт үгүй гэж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэн хэллээ.

Дараа нь “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, олон нийтийн санаа бодол” сэдэвт илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.


Тэрбээр хурлыг зохион байгуулагчид болон хуралд оролцогчдод талархал илэрхийлээд өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал болж байсан. Энэ хурлын дүн болон 2017 оын нэгдүгээр сарын 25-ны өдөр болсон “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын дүн, доктор Ч.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсэг иргэдээс судалгаа авч, дүгнэлтэд үндэслэн долоон үе шаттайгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил эхэлсэн. Жил гаруйн хугацаанд уг үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчим хэмээн дүгнэж байгаа юм. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй харьцуулах юм бол энэ удаа бид ард түмний санал бодлыг тандан, судлах, эрдэмтэн судлаачдын судалгаа, дүгнэлтийг харьцуулах гээд олон ажлыг амжуулсан гэдгийг тэрбээр танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолоор Ажлын хэсгийг байгуулагдаж, нарийвчилсан төлөвлөгөө баталсан талаар, Ажлын хэсэг хялбаршуулсан тайлбар, лавлагааг боловсруулсан талаар, сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг зохион байгуулахад бэлтгэсэн зэргийг хуралд оролцогчдод мэдээллээ. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 491 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг байгуулагдсан талаар болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Ажлын дэд хэсэг төсөлтэй холбоотой материалууд бэлтгэх, улс орон даяар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, Монгол Улсын 327,375 иргэнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой ирүүлсэн 5,584.832 саналыг нэгтгэх зэрэг нүсэр ажлыг зохион байгуулсан гэдгийг тэрбээр тэмдэглээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон ажлын дэд хэсгийн ахлагч П.Цэрэн, Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, төсөлд иргэдээс санал  хүрээнд хийсэн бэлтгэл ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Улсын Их Хурлын Тамгын газраас 7 баг томилон ажиллуулсан байна. Энэ хүрээнд 21 аймгийн 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, яам, төрийн байгууллагуудад 5 удаа гээд нийт 68 хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 31 ажлын хэсэг, 554 хүн ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ба орон нутагтаа үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.Үүнээс гадна ТББХ-ны ажлын алба болон бусад Байнгын хороодын ажлын албаны ажилтнууд ирүүлсэн хүсэлтийн дагуу бусад төрийн байгууллагуудад сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг бүр камерын хяналттай явагдсан гэдгийг тэрбээр танилцуулаад үүний дүнд аудио бичлэгээс гадна 45000 минутын дүрс бичлэг, 1100 гэрэл зургийг архивлаад байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчдын нас, хүйсийн талаар, иргэдээс ирүүлсэн саналын хуудсуудыг цахим санд нэгтгэсэн ажлын талаар болон төслийн хүрээнд иргэдээс ирүүлсэн саналаас гадна төсөлд дурдагдаагүй асуудлаар ирүүлсэн саналуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төсөлд дурдагдаагүй асуудлаар 81095 санал ирсэнээс Монгол Улсын Үндсэн хуульд хамаарах асуудлаар ангилжээ. Эдгээрийг багцалж үзвэл Монгол Улсын бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын төрийн байгуулал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тус тус санал ирүүлсэн байна.


Илтгэлийнхээ төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Иргэдээс ирүүлсэн 5 сая гаруй саналыг нэгтгэн үзвэл ард түмэн шударга ёс, улс төрийн алба ёс зүйтэй, шударга, хариуцлагатай байх, төрийн алба ёс суртанхуунтай, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, ард түмэнд үйлчилдэг байх, шүүх нь шударга, хариуцлагатай байхыг  хүсч байгааг харж болохоор байсан" хэмээн тэмдэглэсэн юм. 

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний хурал үргэлжил байна. Үргэлжлүүлэн “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар”, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд”, “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд”, “Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудлууд”, “Үндсэн хууль дахь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох асуудал” гэсэн таван багц сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа нарын зэрэг нэрт эрдэмтэд, Ц.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Гүнбилэг, Б.Мандахбилэг, О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нарын эрдэмтэн судлаачид хавсралт илтгэлүүд тавьж хэлэлцүүлэх юм. Мөн Үндсэн хуулийн түгээмэл болон үндэсний онцлогууд, Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлуудаар улс төрийн зарим намын төлөөлөл болон судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэхээр хөтөлбөрт тусгагджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


  2017-12-18 11:43  399