Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж нар мэдээлэл хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж нар өнөөдөр /2016.08.31/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Зөрчлийн тухай, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээллийн эхэнд танилцуулсан.

Тэрбээр, Эдгээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд процессын хуулиудыг баталсан байх учиртай. Гэвч процессын хуулиудыг баталсан гэж байгаа ч хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй. Үүнээс үүдэн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаагүй хэмээлээ.

Тиймээс ч хуулийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг хууль санаачлагч буюу Монгол Улсын Засгийн газарт, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хууль санаачлагч буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус буцаахаар шийдвэрлэсэн талаар мэдээлсэн юм.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүйгээс хууль санаачлагчид буцаасан хуулийн дотор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтаж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаасантай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагууд надад хандсан. Энэ хуулийг аль болох түргэн хугацаанд өргөн бариулж, батлуулах асуудалд анхаарал хандуулаач гэсэн хүсэлтийг гаргасны дагуу би холбогдох албан тушаалтнуудтай уулзаад Засгийн газар, УИХ-ын зүгээс энэхүү хуулийн төслийг аль болох түргэн хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар сонсоод талархаж буйгаа илэрхийлж байгааг энэ дашрамд илэрхийлж байна гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэж хэллээ.

Сайд С.Бямбацогт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч хуулийг сайжруулах, хийдлийг арилгах шаардлага зарчмын хувьд гарсан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 5100 хүн гэмтэж, 95 хүн амь насаа алдсан тоо баримт байна. 2016 оны эхний хагас жилд л гэхэд ийм төрлийн 976 тохиолдол бүртгэгдсэн гэсэн харамсалтай тоо байна хэмээгээд хуулийг нэн яаралтай өргөн барьж хэлэлцүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсныг дуулгалаа. Тэрбээр, хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах асуудлыг хэлэлцэх үед Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс хууль санаачлагчид нь буцаасан хуулиудыг цаг алдалгүй УИХ-д шуурхай өргөн мэдүүлэх, ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай холбогдох журмын дагуу өргөн мэдүүлж, УИХ 2016 оны намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсныг мөн дурдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дээрх хуулийн төслийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа гээд эс амжвал намрын чуулганаар батлуулна гэж мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл