Японы Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа

  2018-10-02 14:42  1550

 

Манай улсад айлчилж буй Япон улсын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Акира Гүнжитэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв.

Тэрбээр “Бидний гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдаг. Хоёр талын идэвхтэй хүчин чармайлтын үр дүнд харилцаа маань Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаа. Таны энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл нэн таатай байгаагаа илэрхийлээд, 2017 онд өөрийнхөө Япон улсад хийсэн айлчлал, Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн Монголд, 2018 оны зургадугаар сард УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн Японд хийсэн айлчлалын талаар дурдав.

“Хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлэхэд Парламент чухал үүрэгтэй” гэдгийг УИХ-ын дарга онцлоод, Монгол Улсын Засгийн газраас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахад дэмжлэг үзүүлж, хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг Япон улсын Засгийн газраас гарган хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв.

Түүнчлэн УИХ-ын даргын хувиар Японд айлчлах үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын гарын үсэг зурсан Монгол, Японы хамтын ажиллагааны Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллах болно гэдгийг онцоллоо.

Тэрбээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Ноён Акира Гүнжи хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, энэ оны долдугаар сард манай баруун бүс нутагт болсон үерийн үеэр Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд дахин талархал илэрхийлье гэв.

“Монгол улс ардчилсан засаглалыг сонгож, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд хоёр орны харилцаа түргэн хурдацтай идэвхжиж, Стратегийн түншлэлийн хүрээнд хүртэл өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Бидний энэ удаагийн айлчлал парламент хоорондын харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн, чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна” гэж тэмдэглэлээ.

Ноён Акира Гүнжи “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг Японд бэлтгэл, сургуулилалт хийх боломж, нөхцөлөөр хангахад Зөвлөхүүдийн танхимын гишүүд идэвх санаачилга гаргаж байгааг дурдаад, “Миний төрөлх нутаг Ибараки мужид Монголын буудлагын тамирчид бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцох болно” гэв.

Тэрбээр 2025 онд Осакад дэлхийн ЭКСПО үзэсгэлэн зохион байгуулах Японы саналыг Монгол улс дэмжихийг хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд Олимпод оролцох Монголын баг, тамирчдад тусалж байгаад талархал илэрхийлээд, газар нутгийн хувьд ойр дөт, цагийн зөрөө багатай, найрсаг харилцаатай Япон улсад болох олимпод манай тамирчид сайхан амжилт гаргана гэж манай ард түмэн итгэж, хүлээж байгаа гэлээ. Осакад ЭКСПО зохион байгуулах саналыг дэмжих талаар манай тал байр сууриа хараахан эцэслээгүй байна гэдгийг тэрбээр мэдэгдэв.

Уулзалт бараалхалтад УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, ноён Наоки Окада, Макото Нишида, Казүяа Шимба, хатагтай Рэнхо Мүрата, ноён Тадаёши Ичида болон албаны бусад хүмүүс байлцав.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.10.02


  2018-10-02 14:11  1550