Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

  2017-11-22 12:59  255

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.11.22/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж дүгнэсэн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн билээ.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Ерөнхий сайдад дахин нэр дэвшүүлсэн өөр нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол энэ зохицуулалт дахин хэрэглэгдэж байх, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхдээ нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг тусгайлан хэлэлцэх зорилго бүхий улс төрийн бүх намын төлөөллөөс бүрдсэн парламентыг байгуулж ажиллуулах, эцсийн шийдвэрийг одоогийн УИХ гаргаж, цогц байдлаар шийдвэрлэх гэсэн саналтай байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн аливаа хуулийн төслийг Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрх бүхий этгээдээс гадна Байнгын хороо боловсруулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцэж байгаа эсэхийг цаашид анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.

Ингээд хуулийг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2017-11-23 12:59  255