Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.08/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.


Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2018 оны 1/2204 тоот албан бичгээр ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан. 


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорингуравдугаар зүйлийн 21.1-т “…Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална…”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “…Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална...” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 29.3-т “…Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна…” хэмээн заасан байна. УИХ-ын гишүүн Д.Муратад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 14.1, 2-т нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналтай байгааг танилцуулгад дурдсан. 

Энэхүү асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Харин УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.


Дараа нь Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2018 оны 1/2205 тоот албан бичгээр ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 14.1, 2-т нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай байгааг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан юм. 


Энэхүү асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Харин Хууль зүйн байнгын хороо гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.


Эцэст нь УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл