Төсвийн байнгын хороо Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

  2017-02-09 17:10  245

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.09/ хуралдаан 14 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах 1 тэрбум ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм.


Зээлийн хэлэлцээрийн төслийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх аж.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Зээлийн ерөнхий хэлэлцээрт төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтэц гэснийг аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүд болгож нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоод байгаа юм байна.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах 1 тэрбум ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2017-02-09 17:10  245