"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 19 дахь дугаарын тойм

  2014-05-16 00:00  255

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэсэн заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуульд “ Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах ажиллагаа” гэсэн зүйлийг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй” гэх зэрэг нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулсан байна.

    Мөн дугаарт, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтлэв.

    Эмхэтгэлд, “Хуулийн төслүүдийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолоос гадна “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг нийтэллээ.

    “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг энэ тогтоолын хавсралтаар баталжээ. Гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих хүрээнд ямар арга хэмжээ авахыг тогтоолын хавсралтаас тодорхой мэдэж болно.

    Дээрх тогтоолоор, мөн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-д заасан арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/”-нд тус тус үүрэг болгожээ.

    Түүнчлэн чиглэлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллах, холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасан байна.

    Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх бүхий Монгол Улсын генерал цолтой цэргийн бэлтгэл албаны дээд офицерт цэргийн цолны цалинг цолны зэрэглэлээс хамааран 36-40 хүртэлх хувь хэмжээгээр тооцож сар бүр олгохоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгожээ.

    Эмхэтгэлийн шинэ дугаарт, Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-д ямар өөрчлөлт орсоныг энэ тогтоолоос олж мэдэх боломжтой.

    Монгол цуур” үндэсний хөтөлбөр батлах тухай”, “Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай”,”Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай”, “Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай”,” Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах” зэрэг Засгийн газрын тогтоолыг нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

                                                                        2014 оны 5 дугаар сарын 16


  2016-09-22 08:58  255