Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 36 хүртэлх сар болгох үүргийг Засгийг газарт өгөв

  2016-09-09 01:00  887

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2016.09.09/ “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

  • Монгол Улсын эдийн засаг хямарч, төсөв санхүүгийн байдал хүндхэн үед 2016 оны төсвийг УИХ хэлэлцэн шийдвэрлэж байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн сахилга батыг сайжруулах олон арга хэмжээг авсан. Цаашид ч эдгээр арга хэмжээг үргэжлүүлэх шаардлага бий. Олон нийтийн дунд төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээтэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулж байна. Өнгөрсөн хугацаанд тэтгэвэртээ гараад нэг удаагийн тэтгэмжээ авах ёстой иргэдэд 102 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж 2016 оны улсын төсөвт 66 тэрбум төгрөг суусан. Үндсэндээ 40 гаруй тэрбум төгрөг дутагдалтай байсан. 2016 оны улсын төсвийн тодотголоор УИХ энэ мөнгийг нэмж чадаагүй. 2016 оны төсвийн тодотголыг дагаж уг тодотгосон төсвийг яаж хэрэгжүүлэх, 2017 оны төсөвт юуг анхаарах зэрэг асуудлыг тусгасан Улсын Их Хурлын тогтоол гардаг. Энэ тогтоолд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байх хууль эрх зүйн орчныг сэргээх, боловсронгуй болгох заалтыг нэмж, Засгийн газарт өглөө. Ингэхдээ Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгч, 10 дугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар 2017 оны төсвийг боловсруулахдаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэлх байхаар оруулж ирэх юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

  • Монгол Улсын Их Хурлаас гарч байгаа энэхүү тогтоолын хүрээнд 2016 онд тэтгэвэрт гарч байгаа нэг ч хүний эрх ашиг хөндөгдөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Монгол Улсад нийт 160 гаруй мянган төрийн албан хаагч байдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарт 100 мянган албан хаагч байдгаас жил бүр 4000 гаруй хүн тэтгэвэрт гардаг. Энэхүү УИХ-ын тогтоол батлагдаж гарснаар 2016 онд болон цаашид тэтгэвэрт гарах албан хаагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг баримталлаа. 2016 оны 10 дугаар сарын 01-нээс өмнө Засгийн газар Төрийн албаны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг хийж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 23:57  887