“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 45 дугаарын тойм

  2018-12-05 15:14  168


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах 176, 177, 178дүгээр зүйл нэмсэн байна.

                                                            “176 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шийдвэрт

                                                                                                    гомдол гаргах

176.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

176.2.Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч энэ хуулийн 163.1, 173.1-д заасан журмын дагуу хэргийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Энэ хуулийн 176.1-д заасны дагуу гомдол гаргасан этгээдэд энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журам хамаарахгүй.

176.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, гомдлын болон хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна.

1764.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.”

                                        “177 дүгээр зүйл.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний

                             хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан

            177.1.Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

            177.2.Энэ хуулийн 177.1-д заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний  хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны товыг тогтооно.

            177.3.Энэ хуулийн 177.1-д заасан хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална.

            177.4.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.”

                                            “178 дүгээр зүйл.Улсын дээд шүүхийн хяналтын шатны

                                                            Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн

                                                                       хуралдааны шийдвэр

178.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 176.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг олонхын саналаар шийдвэрлэнэ.

            178.2.Энэ хуулийн 178.1-д заасан шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл дүгнэлтийг хүлээн аваагүйд тооцно.

178.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:

                        178.3.1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, энэ хуулийн 176.3-т заасан дүгнэлтийг хангахгүй орхих;

178.3.2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;

                        178.3.3.магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;

                        178.3.4.тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, магадлал, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;

                        178.3.5.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;

                        178.3.6.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд буцаах.

            178.4.Энэ хуулийн 178.3-т заасан тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

            178.5.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна.”

Мөн дугаарт Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийн тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай, Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

Мөн Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгч болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд,

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-12-07 15:14  168