Цэс

Холбоо барих

ХЗБХ: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.27) хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн.  


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 1 дүгээр зүйлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан" гэсэн агуулга бүхий 17.1.8 дахь заалтыг нэмэхээр тусгасан. Үүнийг “Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” хэмээн өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 3 дугаар зүйлийг өөрчлөх саналыг 81.8 хувь нь дэмжив. Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл дэх "46.6.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан" гэснийг "Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан" гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжсэн. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл