Төсвийн байнгын хороо хуралдлаа

  2016-09-09 01:00  290
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.09/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул чуулганы нэгдсэн  хуралдаанд оруулахаар боллоо.
 
Үргэлжлүүлэн “ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм. 
 
Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Төсвийн төсөөлөл дээр Засгийн газрын өрийн хэмжээг ялимгүй бууруулж байна. Гэхдээ 2016 онд 21 их наяд, 2017 онд төсөөллөөр 22-23 их наяд, 2018 онд 25 их наяд байхаар төсвийн төсөөлөлдөө суулгаж байгаа юм байна. Үүний цаана хувийн хэвшлийн өр байгааг тооцох ёстой. Нийлүүлээд тооцох юм бол зарим судлаачийн хэлж буйгаар 40-50 их наяд төгрөгт дөхөж байна. Өрийн хямрал бодитоор нүүрэлж байна шүү. Үүн дээр нэг зүйлийг анхаарах ёстой. Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар зээлж авсан, тиймээс ч Засгийн газрын өрийн хэмжээнд багтаж бичигддэг. Чингис бондын хөрөнгөө хувийн хэвшлүүдэд зээлдүүлсэн, энэ нь хувийн хэвшлүүдийн өр дээр давхар бичигдээд явж байдаг. Давхар бичилтийг цэгцлэхгүб бол өрийн хэмжээг хоёр талд нэмэгдүүлээд байгааг Байнгын хороо болон Сангийн яам анхаарах нь зүйтэй” гэв. Ийнхүү Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу төслийг гүйцээн боловсруулж, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 
Хуралдааны төгсгөлд Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгасан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, тодруулга хийлээ. Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу төслийг гүйцээн боловсруулж, санал хураалт явуулж, гишүүдийн 81.8 нь дэмжсэнээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  2016-09-22 23:57  290