Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

  2018-04-25 12:10  690


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.25) 09 цаг 36 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 60 тоот захирамжаар байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны даргын үйл ажиллагааны чиг үүрэгтэй холбоотой зарим асуудлыг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг долоо хоног хойшлуулж, дээрх ажлын хэсгийн дүгнэлттэй хамт хэлэлцэх зүйтэй хэмээн үзэж горимын санал гаргаж байна” гэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 83.3 хувийн саналаар дэмжин, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ. 


Дараа нь Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Ундармаа төслийн талаар танилцууллаа. 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Эдийн засгийн байнгын хороо Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр гишүүдээс гаргасан тодорхой саналуудыг нэгтгэн судалж, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Үндэсний статистикийн хорооны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, түүний үйл ажиллагааг хүрэлцээтэй төсөв, санхүү, мэргэжлийн боловсон хүчнийг чиглэлээр идэвхтэй дэмжихтэй холбоотой 3 хэсэг, 7 заалт бүхий чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. 


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Болд, Д.Тэрбишдагва нар байр сууриа илэрхийлж, төсөлтэй холбогдуулан зарим саналыг гаргасан. Тухайлбал, мэдээллийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан статистикийн мэдээллийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, мэдээллийн бодит байдлыг хангах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж буюу сум, хороодод статистикчийн орон тоог бий болгох үйл ажиллагааны зардал, төсвийг нэмэгдүүлэх асуудлыг төслөөс хасах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлсэн. Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нарийвчлалтайгаар гаргахад шаардлагатай бүтэц, төсвийн асуудал хөндөгдөж байсныг Байнгын хорооны тогтоолд тодорхой тусгах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн. Гишүүдээс гаргасан саналуудыг төсөлд тусгах талаар хэлэлцээд, эцэст нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжснээр Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2018-04-25 11:29  690