НББХ: Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

  2022-06-15 17:17  165

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.


Төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын гишүүд эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллахтай холбоотой заалтын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллана гээд заачихаар эргэлзээ төрөөд байна. Зүгээр хяналт тавих үүрэгтэй ёс зүйн хороо гээд байгаа ч эд, эрхтэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэхээр ямар нэгэн дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох ч юм уу эцсийн шийдвэр гаргахтай холбоотой асуудал болоод байна хэмээсэн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Өнөөгийн байдлаар дэлхийн 90 гаруй улс оронд ямар нэгэн байдлаар эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Тэдгээр улсуудад энэхүү эмчилгээ үйлчилгээ хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй эсэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйн хэм хэмжээг дагаж буй эсэх, иргэд олон түмнээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, амьд донор, түүнийг хүлээн авагч хоорондын харилцаанд үүсэж буй асуудлууд, амьгүй донорын эд эрхтний эрх тэгш, үнэнч шударга хуваарилж буй эсэхэд хяналт тавин ажилладаг Ёс зүйн хороо байдаг. Энэ хороо нь ихэнх улс оронд эрүүл мэндийн яамныхаа дэргэд ажилладаг юм байна. Эрүүл мэндийн яамны дэргэд шинээр байгуулагдах Ёс зүйн хороо эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хууль эрх зүйн хүрээнд, ёс зүйн хэм хэмжээг сахиж буй эсэхэд хяналт тавьж, дэмжин зөвлөж, тулах эрсдэлээс хамгаалан хамтран ажиллах ёстой юм. Ард иргэдээс, эмнэлэг хооронд үүссэн асуудал, эсвэл энэ зохицуулалтад оролцож байгаа байгууллагуудаас гомдол, хүсэлт гаргавал тэр гомдлыг шийдвэрлэх, хяналт тавьж ажиллах үүрэгтэй байх юм. Тийм учраас бид шийдвэрлэх гэдэг үгийг зориуд тавьж өгсөн гэсэн тайлбарыг хийсэн.



Ажлын хэсгийн гишүүд, Ер нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа донор болон реципентийн гэр бүлээс, эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн гэр бүлээс олон гомдол, санал, хүсэлт ирдэг. Энэ асуудлуудыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн хороо шийддэг байх ёстой гэж ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцсан гэсэн тайлбарыг нэмж өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн,  Ер нь эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах процесс өөрөө зөвхөн нэг эмнэлгийн нэг тасаг хийдэг ажил биш. Энэ бол бүхэл бүтэн эмнэлгээрээ хийдэг ажил. Тэр эмнэлгийн үйл ажиллагаа хэр оновчтой зөв явж байгаа, чанарын шаардлага хангаж буй эсэх, ёс зүйн дэглэмээ барьж байна уу, хүмүүсийн эд, эс, эрхтнийг өгөхдөө дарааллыг харгалзаж байна уу, ямар нэг ашиг сонирхол, зөрчил орж байгаа эсэхэд хяналт тавих Ёс зүйн хороо байх ёстой. Ёс зүйн хороо нь энэ бүхнээс гадна эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхийн асуудлыг хүртэл ярих учиртай. Тийм учраас бид шийдвэрлэх гэж оруулах саналтай байгаа юм гэлээ.

Эцэст нь УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С,Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Эцэст нь хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав. Тогтоолоор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг эрчимжүүлэх  ажлын хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.


Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх 0-18 насны хүүхдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 2023 оноос үе шаттай нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг төрөөс хариуцах боломжийг судалж 2022 онд багтаан Байнгын хороонд танилцуулах, аймаг, сумын түвшинд хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2023 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна. Түүнчлэн энэ тогтоолд заасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийг 2023 оноос эхлэн улсын төсөвт тусгаж, санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгахаар тусгажээ. Байнгын хорооны гишүүд эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх санхүүгийн дэмжлэгт 0-18 насны хүүхдүүдээс гадна ахмад настнууд, бусад хүмүүсийг хамруулах боломжийн талаар хөндөн ярилцсан. Мөн урьдчилан сэргийлэх үзлэг, хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээ хийх асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин баталлаа.

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичигт 2030 он гэхэд эхийн эндэгдлийн түвшинг 100,000 амьд төрөлтөд 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 8 болгож бууруулах зорилтууд тавьсан.

Энэхүү удирдамжид эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгыг тусгажээ.

Ажлын хэсэг эх хүүхдийн тусламж үйлчилгээ, түүний дотор нэн шаардлагатай тусламжийн хүртээмж хангалтгүй, урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмсний хяналтын чанар сул байгаа нь  эх, хүүхэд өвчлөх, эндэх шалтгааны нэг болж байгаа ба төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаа асуудлыг цогцоор нь судлах, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна.

Удирдамжийн хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Хүрээ амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасаг, нярайн тасаг эхчүүдийн амрах өрөө болон эх баригч, сувилагчидтай уулзалт зохион байгуулах, “Интермэд, Гурван гал, Таны төлөө бид эмнэлгийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн болон Баян-Өлгий аймаг, Төв аймаг, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах, тус тасгийн эх баригч, сувилагчидтай уулзалт хийхээр тусгасан байна. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн үйл ажиллагаатай танилцах, “Жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог, өөрчлөлтүүд, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” хэлэлцүүлэг зохион байгуулах арга хэмжээнүүд тусгагджээ. Дээрх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Анужин ахалж ажиллах юм байна.


Дараа нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 5.1.4, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтын 4.2.10 дахь заалтын хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2022-06-15 17:16  165