“Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

  2018-08-24 17:22  674

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар өнөөдөр (2018.08.24) “Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүд хууль болон тогтоолын төсөл санаачлахдаа тухайн хуулийн үзэл баримтлалын талаар иргэд, судлаачдын санаа бодлыг заавал сонсож, тусгах үүрэгтэй. Энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд уг төслийг энэ удаагийн УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах эсэх, Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй эсэх асуудлаар Та бүхний үгийг  сонсохоор өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг 1995 онд баталж, 2016 онд шинэчлэн найруулсан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх замаар системийн хямралаас гарах боломжтой эсэхийг гэдэг асуултыг эрдэмтэн судлаач, иргэд, улс төрийн намын төлөөлөлтэй зөвшилцөхөөр хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд гарц нь Ард нийтийн санал асуулга явуулах юм. Манай улс 28 жилийн хугацаанд нэг ч удаа ард нийтийн санал асуулга явуулаагүй. Ард нийтийн санал асуулга явуулах нь хуулийн дагуу, тайван замаар засаглалын хэлбэрээ өөрчлөх хамгийн зөв гарц юм. УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн, олон ч хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө боловсруулаад УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Энэ төсөлд Үндсэн хуульд оруулах 46 санал туссан” хэмээн тэмдэглэв. Хэлэлцүүлэгт оролцсон зарим төлөөллийн байр суурийг хүргэж байна.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц:

- Аливаа салбарын бодлогыг эрдэмтэд хийж, яам баталгаажуулдаг юм. Хүнээ төлөвшүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл засаглал мөн чанараараа оршин тогтоно. Ямар ч нам эрх барьсан Монгол Улс нэгдсэн бодлоготой байх ёстой.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан:

- Системийн асуудал ярихын өмнө хөгжлийн асуудлаа ярих ёстой. Хөгжил гэхээр эдийн засгийн үр ашгийг боддог. Улс орны хөгжил гурван хүрээнд яригддаг. Нэгдүгээрт, тусгаар тогтнол, хоёрдугаарт, байгаль орчны тэнцэл, гуравдугаарт, хүний эрх, эрх чөлөө. Монгол Улс зарим тал дээр ололттой байгаа. Засаглалын хэлбэрийг ард нийтийн санал асуулгаар асууж болохгүй. Бид 1992 онд парламентын засаглалтай байх тогтолцоогоо сонгосон. Монголчууд нэг хүнд хэт их эрх мэдэл өгсөн үедээ дандаа мөхөж байсан. Үгэнд ордог нэг хүнийг толгойд нь тавьчихаад эх оронч хүмүүсийг нь үгүй хийлгэж байсан гашуун түүх бидэнд бий. Парламентын засаглалын бас нэг давуу тал нь эдийн засгийн хувьд хурдацтай өсөхөөс гадна ардчилал, хүний эрхийг хамгаалж чаддаг. Ерөнхийлөгчийн засаглалтай урт хугацаандаа эдийн засгаа хөгжүүлж, хүний эрхийг дээдэлсэн ганц улс байгаа нь АНУ. Маш олон улс АНУ-ын энэ загварыг авснаас болж урт хугацаандаа бүгд дарангуйлал руу орсон байдаг. Тиймээс бид засаглалын хэлбэрээ хадгалаад явах нь зүйтэй.


Судлаач, доктор Н.Болд:

- Би системийн шинэчлэл сэдвээр судалгаа хийсэн. Ард нийтийн санал асуулга гэдэг бол Швейцарын Холбооны Улсад бүр соёл болоод тогтчихсон. Манайд өнөөдрийг хүртэл Ард нийтийн санал асуулга явуулаагүй байгаа нь бидний байгуулсан систем ажиллахгүй байгааг харуулж байгаа юм. Системийн шинэчлэл гэдэг ерөнхий нэршил. Олон хүчин зүйлээс шалтгаалдаг тул дэлхийн бусад улс орны онол, практикт тулгуурлахаас өөр аргагүй. Бид эхлээд юуг тулгуур болгохоо тодорхойлоод өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга асан Л.Цог:

- Үндсэн хууль болохгүй байгаа мэтээр яриад байгаатай санал нийлдэггүй. Бид 27 жилийн турш Үндсэн хуулиа мөрдөж чадсан уу гэдэг асуудал бий. Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв. Гэхдээ ямар асуудлыг хөндөж, ямар хэлбэрээр явуулахаа сайн бодох хэрэгтэй.

Эх орон намын дарга И.Эрдэнэбаатар:

- Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй. Гэхдээ үүнээс өмнө ард түмнээ мэдээллээр хангаж, сайн бэлтгэх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тухайлбал, сонгуулийн тогтолцоо, төрийн албаны тогтолцоо, УИХ-ын гишүүний насыг нэмэх зэрэг асуудлыг зайлшгүй тусгаж, өөрчлөх цаг нь болсон.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэн Л.Оюун:

- Системийн шинэчлэл боловсролын салбараас эхлэх ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Үндсэн хуулийг заадаг байх хэрэгтэй. Хүнээ хөгжүүлж, хүндээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой.


Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн санал, байр суурийг илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцогчдоос тогтоолын төсөл дээр ажиллах Ажлын хэсгийг байгуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2018-08-24 16:32  674