Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн /ОУПХ/ 139 дүгээр чуулган Женев хотноо үргэлжилж байна. Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаан “Инноваци, технологийн шилжилтийн эрин үед энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих парламентын манлайлал” сэдвийн хүрээнд болж, парламентчдын зүгээс шинжлэх ухааны салбарыг бодлогоор дэмжин, нийгмийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нь бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн. Мөн хуурамч мэдээлэл, терроризмтэй тэмцэх, парламент дахь хүйсийн тэгш байдлыг хангах, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын” хэрэгжилт, хүний эрх, цагаачлал зэрэг дэлхий нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцлээ.
Чуулганы нэгдсэн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Шинжлэх ухаан, технологийн шилжилт, цахим аж үйлдвэрийн хувьсгалын нөлөө нь өнөөгийн дэлхий ертөнцийг эрчимтэй өөрчлөхийн зэрэгцээ энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэгтэй байна. Иймд энэ удаагийн чуулганы сэдэв нь цаг үеэ олсон, чухал асуудал юм. Үүнээс гадна дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд ч нөлөөлөх боломжтой тул энэ салбарын хөгжлийн асуудлаар харилцан санал солилцон, туршлагаа хуваалцаж, парламентын түвшин дэх хамтын ажиллагааны шинэ чиглэл, хэлбэрийг тодорхойлох гэж байгаа нь ихээхэн олзуурхууштай байна” гэлээ. Мөн тэрбээр, инноваци, технологийн хөгжил нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд” чухал байр эзэлдэг болохыг тэмдэглээд, монголын парламент Инновацийн тухай хууль, инноваци болон дэвшилтэт технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг тус тус батлан хэрэгжүүлж байгааг онцоллоо. Түүнчлэн эдгээр хууль эрх зүйн акт болон бодлогын хэрэгжилтийг хянах, улмаар Засгийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой Цахим бодлогын дэд хороог парламентын бүтцэд байгуулсныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ дурдав.
Энэ үеэр болдог Залуу парламентчдын чуулганд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт оролцлоо. Уг хуралдаанд 45-аас доош насны парламентын гишүүд оролцдог бөгөөд энэ нь парламентад сонгогдох залуучуудын тоог нэмэгдүүлэх, байр суурийг нь бэхжүүлэх талаар санал бодол, туршлага солилцохоос гадна Ассамблейн нэгдсэн хуралдаанаар батлах тогтоолын төслийг хэлэлцэж, залуучуудын эрх ашгийг хангахад байр сууриа нэгтгэх зорилготой юм.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт уг хуралдаанд хэлсэн үгэндээ, Монголын парламентад 45-аас доош насны гишүүд нийт гишүүдийн 38 хувийг эзэлж байна. Энэ нь дэлхийн дундаж болох 26 хувиас илүү байгаа хэдий ч цаашид залуу парламентчдын хүрээг өргөжүүлэх, оролцоог нь дээшлүүлэх шаардлагатай байгааг дурдаад тогтоолын төслийн талаар баримталж буй байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс