Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.10) хуралдаан 14 цаг 14 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэв. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд заасан шаардлагын дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг дунд хугацааны бодлогын баримт бичгүүд болон Шинэ сэргэлтийн бодлогын дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй тус тус уялдуулан боловсруулжээ. 

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхойлсон төсөв, өр, гадаадын зээл, тусламжийн хязгаарт багтаан 2022 оны төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлж байгаа болон 2023 онд шилжүүлэн дуусгах төсөл, арга хэмжээтэй уялдуулах, төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтын орон зайд нийцүүлэх зарчим баримталсан гэдгийг Б.Жавхлан сайд онцоллоо.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдсан 643 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн байна.

Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, тогтоолын төслийг боловсруулсан.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, ногоон хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн таван үндсэн хүрээнд хэрэгжүүлэх 18 зорилго, 75 багц арга хэмжээг тусгасан байна. Ингэхдээ тус бүрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хэмжих нэгж, суурь болон зорилтот түвшин, санхүүжилтийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг тооцжээ.

2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр төлөвлөсөн гэдгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс өмнөх оны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсэн эсэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэрхэн анхаарсан зэргийг тодрууллаа.

Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан хариултдаа, 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулахын зэрэгцээ өмнөх жилүүдийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлсэн. Илүү цэгцтэй томьёолж оруулж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн 2021 оны төлөвлөгөө Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 15 хувь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 19 хувь, 2022 онд үндсэн чиглэлийн 38 хувь, мөрийн хөтөлбөрийн 42 хувь, 2023 онд үндсэн чиглэлийн 63 хувь, мөрийн хөтөлбөрийн 67 хувьд тус тус хүрнэ гэж тооцож, төлөвлөлтүүдээ хийсэн. Мөн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу 75 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ бүгд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжинэ гэлээ.

Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулна.

Системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэдгийг танилцуулгын эхэнд онцоллоо.

Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд:

1.Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна.

2.Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. Уг нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулсан байсныг 2022 оны 3 дугаар сард 9.0 хувь болгон өсгөсөн.

3.Дэлхий дахинд үүсээд байгаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болон үнийн өсөлт нь инфляцад нөлөөлж байгаа тул Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлага үүсэж байна.

4.Системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээс  өмнө тэдгээрийн төлбөрийн чадварт цар тахлын үзүүлсэн нөлөөлөл, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэлийн түвшний үзүүлэлтийг харгалзан активын чанарын үнэлгээг хийлгэх, хийлгээгүй тохиолдолд банкны хувьцааны үнэлгээ буруу гарах, улмаар хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсэхээр байна.

5.Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орнууд мөнгөний бодлогын хүүг сулруулж, төсвийн бодлогыг иргэдийн амьжиргаа болон эдийн засгаа дэмжин тэлэхэд чиглүүлж байсан бол сүүлийн 6-8 сарын хугацаанд улс орнууд төсвийн зарлагаа багасгаж, мөнгөний бодлогыг чангаруулах бодлого баримталж байгаа бөгөөд энэ хандлага нь цаашид ч үргэлжилж хадгаламжийн хүүг өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүй  байна.

6.Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкны санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад шаардлагатай эх үүсвэр дутагдаж болзошгүй байна. Системд нөлөө бүхий банкууд 430.0-580.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарч байна.

7.Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байна.

8.Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа хэдий ч Виртуал хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар үнийн бууралт бий болох, ногдол ашиг тараах эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх, сонирхол буурч болзошгүй юм.

9.Цар тахлын улмаас эдийн засагт гарч буй хямрал, олон улсын цэрэг улс төрийн хурцадмал байдал, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

10.Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хязгаарлалтын тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа нь системд нөлөө бүхий банкуудаас хуульд заасан хугацаанд багтаан (2022 оны 06 дугаар сар) IPO хийх төлөвлөгөө амжилттай хэрэгжих боломжийг хязгаарлаж болзошгүй байна.

11.Банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан дэмжиж, сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, О.Цогтгэрэл, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдээс хуулийн хугацааг сунгахын ач холбогдол болон одоогоор нээлттэй хувьцаат компани болоход бэлэн болсон хэдэн банк байгаа талаар тодрууллаа.

Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд Голомт, Хаан банкууд бүтцийн өөрчлөлт хийх санал, материалаа өгсөн. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан журмын дагуу хянаж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэллээ.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Банкууд хуулийн дагуу IPO хийх төлөвлөгөөгөө Төв банканд ирүүлсэн. Системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгаснаар хөрөнгийн зах зээлд хүндрэл үүсэхээс сэргийлнэ. Мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хугацаанд банкуудын активын чанарын үнэлгээг дахин хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сунгагдах хугацаа бол нээлттэй хувьцаат компанид шилжээд дуусах сүүлийн хугацааг заана. Түүнээс хойшлуулж байгаа хугацаа биш.” хэмээн тодотгов.

Хуулийн төсөлтэй холбоотой үг хэлэх гишүүн байгаагүй тул Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулахаар тогтов.

                                “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв

Байнгын хорооны хуралдаан Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ. Тогтоолын төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хийв.

Тэрбээр, “2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу 20 гаруй төрийн өмчит компанийг хувьчлах шийдвэр гарсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өртэй нь хувьчлах заалт орсон. Төрийн өмчийн хорооноос тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бейсмент” гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Энэ бол Концессын хуулийг зөрчсөн үйлдэл болсон.

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Засгийн газарт ирүүлсэн.  Уг “Мөрдөгчийн мэдэгдэл”-д “Хөтөлийн цемент шохой” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ “Бейсмент” ХХК-д давуу байдал бий болгон хууль зөрчсөн учраас гаргасан алдаа дутагдлаа залруулах арга хэмжээ авахыг сануулсан. Иймд Засгийн газраас нөхцөл байдлыг судалж үзсэний дагуу Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор  "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт"-аас Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор уг хувьчлалыг  тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэснийг хасах саналыг Улсын Их Хуралд оруулж байна.” гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн нар асуулт асуулаа.

Үйлдвэрийг анх 41 тэрбум төгрөгөөр хувьчилсан. Гэтэл одоо 295 тэрбум төгрөгийн өр бүхий компани болчихсон байтал хувьчлалыг буцаах нь зүйтэй эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсгийнхэн хариулт өглөө.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариултдаа, “Концессын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргахыг хориглосон байдаг. Тухайн үед төрийн эзэмшлийн 11.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлдвэрийг 1.4 тэрбум төгрөгөөр хувьчилсан. 41 тэрбум төгрөгийн хувьд үлдсэн мөнгө нь хуримтлагдсан өрийг төлөх нөхцөлтэй байсан. Гэтэл хуульд заасан хугацаанд өр төлбөрийг төлөөгүй байсан. “Бейсмент” ХХК нь үйлдвэрийн техникийг шинэчлэх нэрийдлээр 61.3 сая ам.долларын зээл авсан байдаг. Энэ зээлийн төлөлт хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн хүү, алданги, ханшийн зөрүү зэргээс үүдэн өрийн хэмжээ 326 тэрбум төгрөгт хүрсэн. Өмч хувьчлалыг хууль зөрчиж хийсэн нь нотлогдож байгаа учраас хувьчлалыг буцаах шийдвэр гаргаж байна” хэмээн дурдав.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нарын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын М.Оюунчимэг хийлээ.

Банк бус санхүүгийн салбарын хувьд эхний хагас жилийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 536 банк бус санхүүгийн байгууллага байгаа бөгөөд давхардсан тоогоор 21.486 хувьцаа эзэмшигчтэй, 308 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3.713 ажилтантайгаар 21 аймаг, 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Давхардсан тоогоор 3.3 сая харилцагч, 748.3 мянган зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Салбарын статистик үзүүлэлтүүд нь сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж нийт харилцагчдын тоо 119 хувиар, зээлдэгчдийн тоо 167.8 хувиар, нийт актив 121.5 хувиар, зээл 166 хувиар тус тус өсжээ.

Мөн Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдох болсон. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтекийг өргөнөөр нэвтэрч байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг бодлогоор дэмжин ажиллаж байгаа. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 22 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэд технологид тулгуурлан аппликэйшн ашиглан зээл олгож байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй болгох, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, салбарын хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлсэн хууль эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль нь анх зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдахаас өмнө 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан бөгөөд батлагдсанаас хойш нийт 9 удаа бусад хууль тогтоомжийн нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт орсон байжээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,

1. ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ

2. Салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болно

3. Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно

4. Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно

5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжирна

6. Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл