Инфографик: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

  2020-04-08 09:13  323

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.



Төсөв, Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан бөгөөд энэ хэлэлцээрийн хүрээнд 50.0 сая еврогийн зээл авсан. Энэ зээлийн хүү жилийн 0,15 хувь, 28 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор дээрх зээлийн санхүүжилтээр дараах 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон байна. Үүнд:

  1. Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл – 17.5 сая евро;
  2. Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл – 3 сая евро;
  3. Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төсөл – 6.5 сая евро; 
  4. Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл – 10.2 сая евро;
  5. Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл – 9 сая евро;
  6. Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төсөл – 3.8 сая евро. 

Өнөөдрийн байдлаар эдгээрээс 2 төслийн тусгайлсан зээлийн гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлж байна. Харин бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилт авахын тулд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж төслийг санхүүжүүлэх гэрээ байгуулах хугацааг 1 жилээр сунгах буюу “2019 оны 07 дугаар сарын 24” гэж өөрчлөх, санхүүжилт авах салбарт “эрүүл мэндийн салбар”-ыг нэмэх шаардлагатай болсон. 

Иймд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт өөрчлөлт оруулах журмын дагуу дээрх зүйлүүдийг хавсралтаар тохирч, нөхцөлт зээлийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийг баталсан. 

 

Улсын Их Хурлын Тамгын газар





  2020-04-08 09:11  323