Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тойм

  2019-12-03 17:11  120

Улсын Их Хурлын даргын 88 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордны “В” танхимд хуралдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын өөрчлөлт бүхий саналуудыг танилцуулав. Тухайлбал, хөдөлмөрийн харилцааны гол оролцогчид болох ажил олгогч, ажилтныг аль болох хоорондоо асуудлаа хэлэлцэж, зөвшлийн замаар хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцааны асуудалд хоёр тал хоёуланд ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэх хүрээг жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагад болон албан бус эдийн засагт ажиллагчдад хамаарч мөрдөх боломжтой байхаар зохицууллаа. /Үндэсний статистикийн хорооны мэдээллээр аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай байгаа бол нийт ажиллагчдын 17.6 хувь буюу 220.000 хүн албан бус салбарт ажиллаж байна./

Түүнчлэн ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахаас ангид байх, албадан хөдөлмөр болон хүүхдийн хөдөлмөрийг хориглохтой холбоотой суурь эрхийг олон улсын жишигт нийцүүлж, албадан хөдөлмөрт хамаарахгүй зохицуулалтыг шинээр нэмж, үл ялгаварлах, ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зохицуулалтыг сайжруулсан болно.

Мөн хуралдаанаар ажлын дэд хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа.

 Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил дараагийн хуралдааны бэлтгэл хангаж, зарчмын зөрүүтэй санал тус бүрийг дахин нягтлахыг ажлын дэд хэсэгт үүрэг болголоо.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх

ухааны байнгын хорооны ажлын алба


  2019-12-04 17:11  120