Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2014 оны 25 дахь дугаарын тойм

  2014-07-08 00:00  256

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Түүгээр, “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар” гэсэн заалтыг нэмжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Ногоон хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор, энэхүү бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар,Тогтвортой хөгжлийн үндэсний хороо /Н.Алтанхуяг/-нд үүрэг болгосон байна.

Дээрх бодлогод ногоон хөгжилд шилжих шаардлага, үндэслэл, бодлогын зорилго, зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэгжилтийн үр дүнг тодорхойлсон байна.

Ногоон хөгжлийн бодлогыг хангахад, нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бодлого, төлөвлөлтийг хийх, цэвэр дэвшилтэт технологийг дэмжих, ногоон өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог хангах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, ил тод, хариуцлагатай, хяналттай байх зарчмыг баримтлах ажээ.

Ногоон хөгжлийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлогын баримт бичиг, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, улс төрийн нам, хүчин, эвсэл, холбоод бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга замыг тусган хэрэгжүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн идэвх оролцоог урамшуулж, хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхээр бодлогод тусгажээ.

Эмхэтгэлд, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам”, “Нэр дэвшүүлэн өрсөлдөх тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 


  2016-09-22 09:19  256