Хуулиудын хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газарт ажиллав

  2018-04-24 17:45  223

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2018.04.24) Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газарт ажиллав.


УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн М.Билэгт, Б.Ундармаа нар дээрх байгууллагуудын хийдэг ажил, хөдөлмөр, халамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл сонссоныхоо дараа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжтай холбоотой асуудлаар байгууллагуудын удирдлагуудаас болон Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Энхтөрөөс асуулт асууж, хариулт авсан.

Ажлын хэсгийн гишүүн М.Билэгт, ид ажлын дадлага, туршлагатай 35-45 насныханд ажил олдохгүй байгаа болон нэг иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулахад хэдэн төгрөгийн зардал гаргадаг талаар асуулт асууж, тодорхой хариулт авсан бол  УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа ажилгүйдлийг бууруулахын тулд нийслэлийн дүүргүүдийн алслагдсан хорооны ажилгүй иргэдэд хүрч ажиллан, ажлын байрны зарыг оновчтой түгээж, ажил хөдөлмөр амжилттай эрхлэхтэй холбогдсон сургалтад хамруулснаар ажил олгогчийн шаардлагад нийцсэн ажилтан бий болгох зэрэгт бодлогын өөрчлөлт хийж, санаачилгатай ажиллахыг хэлсэн үгэндээ онцлов.  

Тэрбээр мөн “Дүнжингарав” худалдааны төвд байрладаг нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй адилхан салбарыг Сонгинохайрхан дүүрэгт нээн ажиллуулах саналаа хэллээ.


Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд хэлсэн үгэндээ ажил явуулахад тулгамдаж байгаа асуудлаар хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх шаардлагатай талаар санал байвал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгөх зэргээр дор дор нь шийдвэрлэж явах ёстойг тэмдэглэсэн.

Ажлын хэсгийнхэн “Дүнжингарав” худалдааны төвд байрладаг нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцсанаар ажлаа өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2018-04-24 17:43  223