Цэс

Холбоо барих

НББХ: Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан 09 цаг 35 минутад  ирц бүрдсэнээр эхэллээ.


    Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон  Засгийн газраас 2021.03.19-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл–ийн анхны хэлэлцүүлэг гэсэн дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг дэмжив

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Бямбасүрэнгийн Мягмар нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул түүнийг чөлөөлж, Хаянхярваагийн Амгаланбаатарыг томилох, түүнчлэн Тогтмолын Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг томилох тогтоолын төслийг хуралдаан даргалагч танилцуулснаар Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авлаа.


Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулах хөрөнгө 2021 онд нэг их наяд төгрөг болсон нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ийм мөнгөний эрх мэдэлтэй гэсэн үг. Тиймээс Зөвлөлд ажиллаж байгаа хүмүүс авлига ашиг сонирхлоос ангид байхын тулд ямар зарчмыг баримталж ажиллахыг, мөн эрүүл мэндийн даатгалд даатгууллаа ч эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай авч чаддаггүй гэж даатгалд итгэх иргэдийн итгэл сул байна, үүнийг хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг тодруулав. Дээрх асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд шударга ил тод байдлыг эрхэмлэж ажиллана гэсэн хариултыг өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Сангийн хөрөнгө хаана байршиж байгааг, эрсдэлгүй байна уу гэдгийг тодруулахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд Сангийн хөрөнгө мөнгө Төрийн санд байршиж байна гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ч.Ундрам нар санал хэлэв. С.Чинзориг Зөвлөлийг албан тушаалтны нэрээр бус албан тушаалаар нь баталдаг болмоор байна. Хувь С.Энхболд гэдэг иргэн бус Эрүүл мэндийн сайд гэдгээр Зөвлөлд оролцох учир албан тушаалаар баталдаг болъё. Ингэснээр чөлөөлөх, томилох асуудал дахин дахин үүсэхгүй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Эрүүл мэндийн даатгалаар ямар нэр төрлийн тусламж, үйлчилгээг хүргэх амлалтаа биелүүлэхээс гадна даатгалд хамрагдах тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох, Зөвлөлийн бүрэлдэхүүн эрүүл мэндийн, эмийн компаниудын лоббинд автахгүй ажиллахыг захиж, саналаа хэллээ.  Ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.

   Үргэлжлүүлэн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтыг  “1/Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдыг томилох гэж өөрчлөх” буюу Зөвлөлийн бүрэлдэхүүнийг албан тушаалтны нэрээр бус албан тушаалаар нь баталдаг болох өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг дэмжив

    Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.  


Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх,  Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилох тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагч танилцууллаа. Байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжсэн юм.  

Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

    Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Хүүхдийн төлөө санд орлого төвлөрүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулав. С.Одонтуяа оюуны спортоор амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, уралдаан тэмцээнд оролцохоор шалгарсан ч явах зардал мөнгөгүй хүүхдүүдэд дэмжлэг олгох талаар тодруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авлаа.


    Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулснаар Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл