Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

  2017-05-02 19:22  251

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.02) хуралдаан 14 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны энэ удаагийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг даргалан хуралдуулсан юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын ахалсан Ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 45 саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанаар нэгбүрчлэн хэлэлцэж санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийн хог хаягдал” гэж тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл, тэдгээрийг задлахад үүсэх хог хаягдлыг ойлгох гэсэн агуулгатай 4.1.36 дахь заалтыг нэмэхээр тогтов. Мөн төслийн 10 дугаар зүйлийн 10.3.7 дахь заалтын “хадаг уяж” гэснийг “шашин, зан үйлийн эд зүйлс тавьж” гэж, 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсгийг “Энэ зүйлийн 41.2, 41.3-т заасан үйлчилгээний хөлсийг хог хаягдлыг хүлээн авах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний үндсэн дээр тохиролцон тогтооно” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо. Түүнчлэн хуулийн төслийн 7.1.1-д заасан үндэсний хөтөлбөрт хог хаягдлын талаархи боловсрол олгох зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгахаар, төслийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь заалтыг “хог  хаягдлын талаархи албан боловсролыг энэ хуулийн 8.4.3-т заасан боловсролын агуулгаар дамжуулан олгох” гэж, төслийн мөн зүйлийн 42.2.4 дэх заалтыг “албан бус боловсролыг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалт, судалгааны төвөөр дамжуулан олгох” гэж тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэв.


Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан гишүүдийн асуултад тайлбар өгөхдөө, хоёр парламент дамжин хэлэлцэгдэж байгаа энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд Ажлын хэсгийн гишүүд нухацтай хандан “шүүсийг” нь сайн шахахад ихээхэн анхаарсан. Хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, төсөлд тусгагдсан яамдын чиг үүргийн давхцлыг арилгах, байгаль орчныг бохирдуулагч нь төлбөр төлдөг, хариуцлага хүлээдэг байх, хог хаягдлыг өмнө нь хэрэгцээгүй зүйл, зөвхөн хог гэж үздэг байсан бол одоо баялаг гэж үзэж ангилан ялгаж дахин боловсруулж ашиглах зэрэг зарчмын асуудалд анхаарч ажилласан гэдгийг тодотгож байв.

Иймээс аюултай хог хаягдалд Ажлын хэсэг анхаарал хандуулж, төслийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн жил гүйцэтгэсэн ажлын тайланг энэ хуулийн 8.1.7.г-д заасан маягтаар гаргаж, энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хүргүүлнэ” гэж, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг “Аюултай хог хаягдлыг тээвэрлэхдээ олон улсын гэрээ конвенц, журамд тавигддаг шаардлагыг дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 40 дүгээр зүйлд “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах байгууламж болон хог хаягдлын төвлөрсөн цэг, үйлдвэр технологийн паркийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 40.10 дахь хэсгийг төсөлд нэмэхээр болов.


Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг бичгээр зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол гаргаснаас хоёр санал нь төсөлд туссан гэж Ажлын хэсэг үзсэн тул гишүүн саналаа татаж авлаа. Харин аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгч нь хог хаягдлыг ангилан ялгах, үүнтэй холбогдуулан зориулалтын савтай байх агуулгатай заалтыг төсөлд тусгах саналыг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингээд Хог хаягдлын тухай хуулинй шинэчилсэн найруулгын төөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүүлэгт бэлтгэсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцсэн юм. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг, мөн Үндэсний аудитын газрын холбогдох ажилтнууд оролцов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан эхлээд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар товч мэдээлэл хийсэн юм.

Дэд сайд Ц.Батбаяр мэдээлэлдээ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд 8 зорилт, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгагдсанаас биелэлт нь 80.8 хувьтай байгааг дурдав. Энэ зорилтын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулж, Аялал жуулчлалын тухай, Хог хаягдлын тухай, Казиногийн тухай хуулийн төсөл болон нийтээр дагаж мөрдөх холбогдох дүрэм, журам, стандартуудыг боловсруулсан байна. Газрын доорхи усны нөөцийг хэмнэх, хур тунадасны усыг хуримтлуулан хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах зорилгоор 6 хөв байгуулах, 152 булаг, шандны эхийг хашиж хамгаалах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 690 сая төгрөг болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барьж байгуулжээ.

Мөн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлийг дэмжих чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа дэд сайд товч танилцуулаад төсвийн хөрөнгө оруулалтын дутагдалтай байдал, эдийн засаг, санхүүгийн нөхцөлөөс шалтгаалан зарим томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүйг дурдлаа.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле мэдээлэлдээ, тус салбарт хамаарах арга хэмжээний ерөнхий гүйцэтгэл 2016 оны эцсийн байдлаар 80.3 хувьтай үнэлэгдсэн. Төлөвлөгдсөн арга хэмжээнээс 16 нь бүрэн хэрэгжиж, 8 нь 90 хувийн, 3 нь 70 хувийн, 5 нь 50 хувийн, харин 3 арга хэмжээ нь 10 хувийн хэрэгжилттэй байна. Тасарсан арга хэмжээ байхгүй гэдгийг хэллээ. Төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжүүлэх эх үүсвэрийг оновчтой тодорхойлж, бүрэн шийдвэрлээгүй, зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүнг хэт өндөр төлөвлөсөн, тухайн жилд хэрэгжүүлэхэд цаг хугацаа болон хөрөнгийн эх үүсвэр хязгаарлагдмал зэргээс шалтгаалж биелэлт тааруу гарахад гол нөлөө үзүүлсэн гэдгийг дурдаж байв.

Хэлэлцэж буй асуудал, дэд сайд нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад дэд сайд Ц.Батбаяр, Ж.Сауле нар болон тус хоёр яамны газар, хэлтсийн дарга нар хариулт өгсөн юм. Асуулт асууж тодруулсан гишүүд үндсэн чиглэлд тусгагдсан яамдын хийж хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас өгсөн үнэлэлт, яамдын өөрсдийнх нь гаргасан хэрэгжилтийн хувь нэлээд зөрүүтэй байгаад ямар дүгнэлт хийж байгаа, тасарсан болон хэрэгжилт бага хувьтай байгаа зорилт, арга хэмжээний шалтгаан юунд байгаа, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зэргийг тодруулж өөрсдийн санал бодол, байр суурийг хуваалцав.


Мөн Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа тус газраас үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн дүгнэлт, гаргасан зөвлөмжийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулж, нэмэлт тайлбар өгсөн юм. Тэрээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт нийт дүнгээрээ 58.9 хувийн хэрэгжилттэй байна гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг хоёр яамны тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөвлөгдсөн зорилт, арга хэмжээний хэрэгжилт 56.9 хувийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хийж хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээнүүд нийт дүнгээрээ 53.4 хувийн хэрэгжилттэй байна гэж дүгнэсэн. Аудитын явцад цуглуулсан баримт мэдээлэл, нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн үндсэн чиглэлийн зарим зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцож төлөвлөөгүй байна. Мөн үндсэн чиглэлд цаг хугацааны хувьд нэг жилд хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажил нь хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөн нь гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэсэн тухайгаа хэллээ.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг нар санал хэлсэн бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    


  2017-05-02 19:22  251