АБГББХ: Зээл, санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх, хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжлээ

  2020-04-08 13:39  246

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.04.08/-ийн хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.  Хуралдаан 15.20 цагт 52.6 хувийн ирцтэй эхлэв. 





    Эхлээд 2020.04.02-ны өдөр Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

    Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, цар тахлын улмаас гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байр бий болгох, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн  төсөл, арга хэмжээг хугацаа алдалгүй яаралтай батлуулах шаардлагатай байна. 



    Ялангуяа өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж олон улсын зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай хугацааг зээлдүүлэгч талаас зааж өгч байгаа тул… онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан олон улсын гэрээ байгуулах шат дарааллыг багасгаж, хялбаршуулах горимоор Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Мөн бичгээр зарчимын зөрүүтэй санал гараагүй учир анх оруулж ирснээр нь дэмжсэнээр санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. 

    Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг тус тус зөвшилцөхийг хэлэлцлээ. 

    Төслүүдийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв. Дээрх асуудлыг Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд, санал, дүгнэлтээ ирүүлснийг мөн танилцуулав. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагч болон, Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” санхүүжилтийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуухдаа, “Зээл баталж өгөөд л байдаг. Гэвч асуудал шийдэгдэхгүй байна. Дан ганц дулаан бус эрчим хүч, усны хангамж, цэвэршүүлэх байгууламжийн даац Улаанбаатарт хэтэрсэн. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг ханган, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ямар хөрөнгийн, хэдэн төгрөгийн хэрэгцээ шаардлага байна вэ, тооцоолол байна уу” хэмээн асууж, асуултдаа хариулт авлаа. 



    Дээрх зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөе гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. 

    Хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр /Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл/ соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр /Улаанбаатар хотын Цэвэр агаар төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр/ соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл -тэй хамтатган багцаар нь хэлэлцэн шийдвэрлүүлэхээр горимын санал гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авснаар дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэн, соёрхон батлахыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2020-04-08 18:47  246