УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор зохион байгуулсан “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” өндөрлөлөө

  2018-08-25 17:11  347

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятавын ивээлд манай оронд анх удаагаа зохион байгуулсан “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” амжилттай болж, өнөөдөр (2018.08.25) аваргуудаа тодруулав.


    Тус тэмцээнийг Рапид /түргэвчилсэн/, Блиц /түргэн/, Стандарт гэсэн үндсэн гурван ангиллаар явуулсан бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Балбын Вант Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улс, Зүүн Тимор Улс зэрэг Ази тивийн 11 орны 62 тамирчин оролцсон юм.




“Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын стандарт ангиллын эмэгтэй төрөлд:

1 дүгээр байранд ОУХМ Ү.Үүрийнтуяа 7,5 оноогоор /Монгол/,

2 дугаар байранд ОУХМ Chitlange Sakshi 7,5 оноогоор /Энэтхэг/,

3 дугаар байран ФИДЕ мастер Б.Алтантуяа 7 оноогоор /Монгол/ тус тус шалгарлаа.



Харин эрэгтэй төрөлд:

1 дүгээр байранд ФИДЕ мастер Priasmoro Novendra 8 оноогоор /Индонези/,

2 дугаар байранд ОУХМ Yakubboev Nodirbek 7 оноогоор /Узбекистан/,

3 дугаар байранд Ү.Агьбилэг 6,5 оноогоор /Монгол/ тус тус шалгарав.

Эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийн эзэн болсон ОУХМ Ү.Үүрийнтуяа нь энэ удаагийн тэмцээнд түрүүлж, Их мастер цолны 3 дахь нормоо биелүүлснээр Монгол Улсаас төрж буй 10 дахь Их мастер болж байна. Харин эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ү.Агьбилэг энэхүү тэмцээнээс ФИДЕ мастерийн болзлыг хангалаа.


Мөн “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын хүрээнд “Mongolian open-2018”, өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018”, “Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан юм. Эдгээр тэмцээнүүдэд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Mongolian open-2018” тэмцээнд Их мастер Б.Гүндаваа, “Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын 50-иас дээш насны төрөлд /эрэгтэй/ ОУХМ Н.Төвсанаа, /эмэгтэй/ н.Баярмаа, 65-аас дээш насны төрөлд /эрэгтэй/ ОУХМ П.Жигжидсүрэн, /эмэгтэй/ Б.Мягмарсүрэн нар тус тус тэргүүн байрыг эзлэв.



Харин өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018” тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй 6, 8, 10, 12 насны ангилалд явуулж, аваргуудаа тодрууллаа.





    Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн нь манай улсад болж буй тив дэлхийн чанартай 4 дэх тэмцээн гэдгийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга,  Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав хаалтын үеэр хэлсэн үгэндээ тэмдэглээд, “Ийнхүү эх орондоо олон улсын хэмжээний тэмцээнийг амжилттай зохион байгуулсан баг хамт олондоо талархал илэрхийлье. Манай шатарчдын чанар чансаа улам сайжирч, оюуны спортын хөгжил хурдацтай байгаа эдгээр хоногуудад харлаа. Нийт 18 медалийн төлөө тамирчид маань авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын шатарчид гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу есөн медалийг хүртлээ. Мөн ОУХМ Ү.Үүрийнтуяа маань Их мастер цолны болзлоо бүрэн хангасан нь хамгийн сайхан үйл явдал боллоо. Энэ нь манай улсаас төрж буй 10 дахь, эмэгтэйчүүдийн зургаа дахь Их мастер болсныг хэлэхэд таатай байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ шатрын спортоор хичээллүүлж, улам их амжилт гаргахыг хүсч байна” гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-08-25 22:29  347