ҮББХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2022-06-15 08:31  142

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаан 16 цаг 44 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  

    Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

   Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны  2022 оны  01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд малыг эрүүлжүүлэх болон сүүний үйлдвэрлэлийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын болон дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсныг дурдаад Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн ажилласан гэв. 




    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын хэрэгжилттэй орон нутагт газар дээр нь очиж танилцахад олонх малчид, фермерүүд сүүний урамшуулал бодит дэмжлэг болсон хэдий ч зөвхөн өвлийн улирлын таван сарын хугацаанд биш 12 сараар авах талаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, сүүний салбар, сүүний эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд төрөөс олгож буй мөнгөн урамшууллын хүртээмжийг нэмэгдүүлэх, 3 хувийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл, тусламжид хамрагдах, арилжааны банкны хүүг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, тэжээл, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуй эрхлэгч нарт газрын асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ.

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар нар асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.



    Байнгын хорооны тогтоолын төсөлд дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, орон нутагт бэлчээрийн малын сүүний нөөцийг ашиглах, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, мөн сэрүүний улирлын сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор урамшуулал олгох хугацааг сунгаж хамрах хүрээг өргөжүүлэх, эрчимжсэн аж ахуйн хөгжлийн түвшин, сүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлттэй уялдуулан урамшууллыг ялгавартай тогтоохын зэрэгцээ цэвэр үүлдрийн үхэр, үхрийн гүн хөлдөөсөн үр болон эрчимжсэн фермерийн аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн албан татвараас, дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулж байгаа этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байв. 

Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан тохирлын баталгаатай, эрүүл аюулгүй, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгоход шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх, боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэхэд онцгой анхаарч, нийслэл, орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төсөвт байгууллагуудыг тохирлын баталгаатай, эрүүл аюулгүй сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалт, даатгалын сангийн зарцуулалтаар дэмжих ажлыг зохион байгуулж арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон байлаа.

Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малын тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, зуны улиралд сүүний илүүдэлтэй аймгуудад сүү цуглуулах цэг болон боловсруулах үйлдвэрийг кластерийн зарчмаар хөгжүүлэх, импортын хуурай сүүг орлох, хадгалалтын хугацаа урттай сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, малын эрүүл мэндийн гэрчилгээ, бүртгэл мэдээллийн сан, цахим системд баталгаажуулагдсан бүтээгдэхүүний мэдээлэл болон татварын цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгохоор тогтоолын төсөлд тусгасан байв.

 


Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Хуралдааны төгсгөлд Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. 

   Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хийлээ. 

   УИХ-ын гишүүн С.Бямбоцогт нарын 14 гишүүнээс Монгол Улсын Их Хуралд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдаад Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоороо тус хуулийн төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, гишүүдэд Ж.Батжаргал, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, С.Ганбаатар, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй ажилласан гэв. 



    Мөн тэрбээр, Ажлын хэсэг 6, дэд ажлын хэсэг 12 удаа хуралдсаныг тодотгоод хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцууллаа. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.24 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн нэг төсөл болгох, ингэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүний шинэчилсэн найруулгын төсөл дээр суурилах саналыг Ажлын хэсэг санал хурааж дэмжсэн тул төслүүдийг нэгтгэж нэг төсөл болгон зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн. Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж  ажиллахдаа Байнгын хороо, нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан болон D parliament аппликейшнд иргэдээс ирүүлсэн санал, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, паркуудын төлөөлөл, хэлэлцүүлэгт оролцогчдын саналууд, бусад улс орнуудын ялангуяа Вьетнам болон БНХАУ-ын үйлдвэрлэл, технологийн паркийн сайн туршлагыг судалж, хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулгадаа дурдсан.



Хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийн гол агуулгыг багцалж үзвэл нэгдүгээрт, паркийн зорилго, удирдлагын компанийн өмчлөлийн төрөл хэлбэрийг ойлгомжтой болгох чиглэлээр, хоёрдугаарт, паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэтийн төлөвийг тодорхойлох, гадаад зах зээлд сурталчлах, паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах чиглэлээр, гуравдугаарт, паркийн газар эзэмшил, ашиглалттай холбогдох харилцааг боловсронгуй болгож улмаар хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр, дөрөвдүгээрт, тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг ойлгомжтой тодорхойлох чиглэлээр, тавдугаарт, паркийн удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний эрх зүйн байдлыг тодорхой болгох чиглэлээр, зургадугаарт татварын орчныг олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлж өөрчлөх чиглэлээр өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн гэж байлаа.  

Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа, Парк байгуулах зорилгын нэгдүгээрт “улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” гэж заасан. Ингэснээр стратегийн ач холбогдолтой салбарт, энэ чиглэлийн үйлдвэрт парк байгуулах ач холбогдолтой гэж үзсэн. Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхийг парк байгуулах зорилгод нэмж өгсөн. Паркийн удирдлагын компани нь төрийн болон орон нутгийн, хувийн, бусад гэсэн өмчийн хэлбэртэй байхаар өөрчлөлт оруулсан гэв. 



Мөн Засгийн газрын бүрэн эрхэд урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, дэд бүтцийн хөгжилд түшиглэн, паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох, паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчилах, борлуулахад дэмжлэг үзүүлэх, паркт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, бодлогыг тодорхойлох хэрэгжүүлэх  чиглэлээр холбогдох заалт нэмсэн гэсний зэрэгцээ төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, эрэлт хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор паркийн мэдээллийн сан үүсгэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ зах зээл нээх, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиглэлээр мэргэжлийн төрийн  бус байгууллагатай хамтран ажиллах, паркийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах чиглэлээр өөрчлөлт оруулсан. Паркийн удирдлагын компани нь паркийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үндэслэн паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ борлуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, банк, санхүүгийн үйлчилгээ авахад зуучлах,  мөн паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах, эзэмших, түүний хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр өөрчлөлт оруулсан гэдгийг онцолж байлаа.

    Түүнчлэн паркийн газар тусгай хэрэгцээнд байх хэвээрээ боловч паркийн газрыг эзэмшиж болохоор өөрчлөлт оруулсан. Газрын тухай хуульд тусгай хэрэгцээний газартай холбоотой зохицуулалт ерөнхий байдаг бөгөөд нарийвчилсан харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулдаг. Хууль батлагдсаны дараа уг журамд паркийн газартай холбогдох асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд паркийн онцлог харилцааг харгалзан паркийн газрыг Газрын тухай хуульд нийцүүлэн эзэмшүүлж болох өөрчлөлт оруулах юм. Монгол Улсад зөвхөн Монгол Улсын иргэн л газрыг өмчилдөг. Газрыг эзэмших ашиглах хугацаа 30 хүртэл жил, барилга байгууламж ашиглах хугацаа 33 жил байдаг бөгөөд эдгээр хугацаа нь хөрөнгө оруулагчид өгч байгаа баталгаа юм. Энэ зарчмаар газрыг эзэмшүүлж, ашиглуулах нь өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Энэ зохицуулалт өнөөдөр ч хэрэгжиж байгааг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулгадаа тодотгосон. 



    Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцаа нь Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн үзэл санаанд нийцсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркийн асуудлыг хариуцаж, тусгай зөвшөөрөлтэй холбогдсон саналаа Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхтэй холбогдсон харилцаа нь холбогдох хуульд заасан шаардлагаас давсан зохицуулалт байсныг хасаж, тусгай зөвшөөрлийн холбогдох хууль заасан үндэслэлээр түдгэлзүүлэх өөрчлөлтийг оруулсан. Хуулийн төсөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай нийцсэн байхыг шаарддаг тул УИХ-д хэлэлцэгдэж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг шууд эшлэх нэр заах боломжгүй байна. Хэрэв хуулийн төсөл батлагдвал эцсийн хэлэлцүүлгийн шатанд холбогдох өөрчлөлтийг хийх саналтай байна. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд  нэмэлт оруулах шаардлага үүснэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

    Мөн тэрбээр, төрөөс үзүүлэх татварын дэмжлэгтэй холбогдсон харилцааг олон улсын гэрээ болон хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага үүссэн. Гаалийн татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцааж, харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар импортоор оруулж ирж байгаа шинээр барих дэд бүтэц, үйлдвэрийн барилга байгууламж, тэдгээрт шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой хугацаанд хойшлуулж гаалийн татвараас чөлөөлөх чиглэлээр Байнгын хорооноос хуулийн төсөл боловсруулах зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хороонд оруулж байна. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд паркийн тэмдэгтийн хураамжийг 500 дахин нэмэгдүүлж 80-100 сая төгрөг болгохоор орж ирсэн. Үүнийг Ажлын хэсэг Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан дүнтэй уялдуулж 15-20 сая төгрөг болгон бууруулах санал гаргасан. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн хуульд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор заасан ч тус хуульд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн зөрчлийн зохицуулалт байхгүй тул Зөрчлийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах хуулийн төслийг Байнгын хороо боловсруулах саналыг Ажлын хэсгээс гаргаж байна. УИХ-ын гишүүн С. Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар  сарын 29-ний өдөр, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр УИХ-д тус тус өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 7 төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг Байнгын хороонд оруулж байна гэж байлаа. 

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин асуулт асууж, үг хэлэв.



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явууллаа. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд ““паркийн хөгжлийн төлөвлөгөө” гэж нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшин болон зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа,  кластрын зарчимд суурилсан хөгжлийн баримт бичгийг.” гэсэн 4.1.6 дахь заалт болон төслийн 7.1 дэх хэсэгт “паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;” гэсэн 7.1.6 дахь заалтыг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 8.1 дэх хэсэгт “дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, эрэлт хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор паркийн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, холбогдох журмыг батлах;”, “паркийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах;”, “паркт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, давтан сургах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;” гэсэн 8.1.2, 8.1.3, 8.1.4 дэх заалт болон мөн 8.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийг өртгөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиглэлээр мэргэжлийн төрийн  бус байгууллагатай хамтран ажиллах;” гэсэн 8.1.8 дахь заалт   нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73 хувь нь дэмжлээ. 

Түүнчлэн төслийн 10 дугаар зүйлийг 9 дүгээр зүйлд шилжүүлж, 10.1 дэх хэсгийг 9.1 дэх хэсэг болгон өөрчилж, “паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих болон бусад хэлбэрээр шийдвэрлэх” гэсэн  9.1.3 дахь заалт нэмэх болон төслийн 11 дүгээр зүйлийг 10 дугаар зүйлд шилжүүлж, 11.1 дэх хэсгийг 10.1 дэх хэсэг болгон өөрчилж, “энэ хуулийн 5.2.3, 5.2.4-т заасан паркийн газрыг эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх;”, “харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн парк байгуулахад дэмжлэг үзүүлэх;”, “харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн паркийн асуудлаар гарсан шийдвэр, хэрэгжүүлж байгаа төслийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлэх;” гэсэн агуулгатай 10.1.3, 10.1.4, 10.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Мөн төслийн 14.4 дэх хэсгийг 13.3 дахь хэсэг болгож, “паркийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үндэслэн паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ борлуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, санхүүгийн үйлчилгээ авахад зуучлах, бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх.” гэсэн 13.3.8 дахь заалт нэмэх, төслийн 14.5 дахь хэсгийг 13.4 дэх хэсэг болгож, “паркийн дэд бүтцийг тэгш эрхтэй ашиглах” гэсэн  13.4.6 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73 хувь нь  тус тус дэмжлээ.

Төслийн 17 дугаар зүйлийг 16 дугаар зүйлд шилжүүлж, “Энэ хуулийн 16.1-д заасан дэмжлэг нь зөвхөн паркийн нутаг дэвсгэрт эрхлэх үйл ажиллагаанд хамаарна.” гэсэн 16.2 дахь хэсэг нэмэх, төслийн 17.3 дахь хэсгийг  16.4 хэсэг болгож, тус заалтын “зарлагыг” гэсний дараа “тухайн нөхцөл байдал тогтоогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж, мөн хэсэгт “энэ хуулийн 12.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол.” гэсэн 16.4.4 дэх заалт нэмэх,  төслийн 18 дугаар зүйлийг 17 дугаар зүйл болгож, “Төрөөс үзүүлсэн дэмжлэгийг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.” гэсэн 17.3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. 

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




  2022-06-15 22:43  142