Сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг амжилттай зохион байгууллаа

  2020-06-11 17:26  695

    Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсголыг хоёр өдөр дараалан цахимаар /2020.06.10-11/ амжилттай зохион байгууллаа. 


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд оролцохоор бүртгүүлсэн 24 хүнээс 19-ийг нь сонгон томилгооны сонсголд оруулсан юм.   


    Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалж, бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд болох Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажиллав. 


    2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд оролцохоор бүртгүүлсэн Х.Мөнхзул, Г.Агар-Эрдэнэ, Б.Энхболд, З.Өнөржаргал, Б.Өнөрмаа, М.Гантулга, Т.Ихтамир, Б.Баттулга, Б.Нармандах, С.Энхцэцэг нар, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн Ж.Хунан, Г.Нарантуяа, Д.Сүнжид, С.Энхбаяр, Ц.Адъяахишиг нар, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн Ш.Цогбаатар, П.Оюунчимэг, Д.Цэнд-Аюуш  нар хүрэлцэн ирж, “Томилгооны сонсголын дэг” –д заасны дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулав. 


    Түүнчлэн, Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн болон цахимаар сонсголд оролцсон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид, иргэдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгсөн юм. 

Томилгоон сонсголд оролцохоор сонгогдсон Г.Наранбаатар хүрэлцэн ирээгүй учир Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр нэрийг нь  хасах тухай сонсгол даргалагч мэдэгдлээ. 


    Цаашид журамд заасны дагуу Ажлын хэсэг хуралдаж, томилгооны сонсголд оролцсон хүмүүсээс сонгон Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэх шийдвэр гарган Хууль зүйн байнгын хороонд нэрийг нь хүргүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2020-06-11 18:10  695