“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 23 дугаарын тойм

  2018-06-22 16:26  278

Эмхэтгэлийн шинэ дугаарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийг соёрхон баталсан гэрээний хамт бүрэн эхээр нь нийтэлжээ.


Мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна. Төсвийн тухай хуульд “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ” хэмээн заасан хэсэг нэмсэн байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийн хамтаар нийтэлжээ.

Түүнчлэн Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталсантай холбогдуулан бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт дээрх тогтоолоор даалгасан байна.

Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх    асуудлыг хэлэлцсэн тухай, Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын тогтоолуудыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-07-02 16:26  278