УИХ-ын дарга М.Энхболд Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцов

  2016-07-15 01:00  620
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.15/ Улаанбаатар хотноо болж буй Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад  оролцлоо. 
АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн, түнш байгууллагын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид оролцож буй Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлэв. Тэрээр АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн, түнш байгууллагын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид болон оролцогчдыг Монгол Улсад тавтай саатахыг хүсэв. 
 
“АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авах нь монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АСЕМ-ын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүү, эд материал, хүний нөөц, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан улс орон, байгууллага, хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна. Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байгаа юм. Мөн дээд түвшний энэхүү арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно” гэв. 
 
Нээлтийн үеэр Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Мьянмарын Ерөнхийлөгч, АСЕАН-ы зохицуулагч Тин Киав, Европын Холбооны зохицуулагч, Словакийн Ерөнхий сайд Роберт Фико, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд, NESA-гийн зохицуулагч Мурраи МкКүлли нар тус тус үг хэлсэн юм. 
Ийнхүү Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт албан ёсоор нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан эхэлсэн юм. Тус хуралдаанд АСЕМ-ын дагалдах дөрвөн хурлын дүнг танилцууллаа. Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалтын дүнг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа. 
 
Монгол Улсын Их Хурал Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, уулзалтад  32 орны 170 гаруй төлөөлөгчид өөрийн орны парламентаа төлөөлөн оролцсон бөгөөд  уулзалтаас Тунхаглал баталсныг Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүндэт зочид, төлөөлөгчдөд танилцуулав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга “Бид уулзалтын нэгдсэн хуралдаанаа "АСЕМ дахь Ази-Европын Парламентын Түншлэлийн үүрэг, оролцоо" сэдвээр, салбар хуралдаануудыг "Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа" болон "Ирээдүйн төлөөх түншлэл" сэдвийн хүрээнд зохион байгуулж, Ази-Европ хоёр тивийн нийтлэг эрх ашиг, хөгжил цэцэглэлтийн төлөө, оновчтой шийдэл, хамтын ажиллагааны төлөө хоёр тивийн хууль тогтоогчид санал бодлоо уралдуулж, ажил хэрэгч, харилцан ойлголцсон, нөхөрсөг яриа өрнүүлсэн. 
Ази-Европын Парламентын Түншлэлийн уулзалт нь хоёр тивийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд, өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо өргөжин тэлэхэд, Ази, Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хооронд харилцаа холбоо тогтоож,  гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан” гэв. 
Мөн Ази-Европ түмний чуулга, Ази-Европын Бизнесийн чуулган, Залуучуудын Модел АСЕМ-ын зохион байгуулагчид үг хэлж хурлын үр дүн, Дээд түвшний уулзалтын баримт бичигт тусгуулах санал санаачилгаа уламжлсан юм. 
 
“АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Ази Европын 11 дүгээр уулзалтын үр дүнгээр “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

  2016-09-22 23:36  620