ҮББХ: Хууль, тогтоолын төслийг хэлэлцэв

  2020-08-19 19:25  141

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 78.6 хувийн ирцтэйгээр 12 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


    Эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд төслийн талаар танилцуулав.

    Корона вирусийн халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол үзүүлсний улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг огцом буурч 4-6 хувиар агших төлөвтэй хэмээн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд тооцож байгааг тэрбээр дурдав. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар буурч, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тасраад байгаа гэлээ. Гэнэтийн давагдашгүй цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна. 

    Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих; иргэдийн эрүүл мэндийг хамгаалах корона вируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн эгнээнд шийдвэрлэх; экспортын нэмэгдүүлэх; иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталжээ.


    Төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Дээр дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм.

    Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэх ёстойг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулсан. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, О.Цогтгэрэл, Ц.Анандбазар, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүнээс хариулт авав.

    Гишүүдийн асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариулахдаа, өнгөрсөн хугацаанд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан арьс, ширний урамшуулалд 9.9 тэрбум төгрөг, нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд 2.5 тэрбум төгрөг, ноолуурын бэлтгэл, хүүгийн хөнгөлөлтөд 5.6 тэрбум, газар тариалан, үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 6 тэрбум төгрөг, улаан буудайн урамшуулалд 22.4 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 19.5 тэрбум төгрөг, нийтдээ  66 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэлээ. 2020 онд 200 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн нь одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үүнээс гадна энэ онд Улсын Их Хурлаас тусгайлан баталснаар ноолуурын урамшуулалд 175 тэрбум төгрөг олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр энэ онд 52 тэрбум төгрөгийг баталсан ч үүнийг зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 14 орчим тэрбум төгрөг байгаа бол 2020 онд 1579 төсөл нийтдээ 238 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирүүлжээ. Эхний шатанд сонгон шалгаруулалтаар 767 тэрбум төгрөг, зээлд 990 тэрбум төгрөгийг олгохоор, хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад 410 төсөлд 52.3 тэрбум төгрөг олгохоор байсан бөгөөд одоо гурав дахь шатны сонгон шалгаруулалт явагдаж байгаа гэлээ. Одоо байгаа 14 орчим тэрбум төгрөг, цаана нь үлдэж байгаа эх үүсвэрийг Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтийн төсөл, ЖАЙКА-гийн 1, 2 үе шаттай зээлийн санхүүжилтийг нэмснээр сангийн санхүүжилтээ бүрэн ашиглах тооцоо гарган ажиллаж байгаа гэв. Ирэх 2021 оны төсвийн төсөлд энэ төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдлаар хүргүүлээд байгаа аж.

    Ш.Раднаасэд гишүүн 10 аймгийн дулааны станцын бүтээн байгуулалтын талаар Эрчим хүчний сайдаас тодруулж хариулт авсан бол Ц.Анандбазар гишүүн нефть боловсруулах үйлдвэрийн асуудлаар, Эгийн голын усан цахилгааны станцын талаар хэлцлийн явцын талаар тодруулж, холбогдох мэдээллийг авах хүсэлтээ илэрхийлсэн. Төр засгийн зүгээс үйлдвэржилтийн асуудалд ач холбогдол өгч, Улсын Их Хурлын түвшинд хууль эрх зүйн таатай орчныг бий болгох бодлогын илрэл бол Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэлээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас үйлдвэржилтийн бодлогын талаарх баримт, бичгүүдийн хэрэгжилтийн талаар асууж, хариулт авсан юм.

    Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэв

    Дараа нь “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.


    Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд, Барилга хот байгуулалтын сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын нийт 196 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 703.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 178.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 514.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 33.4 хувь буюу 235.6 тэрбум төгрөгийг Зам тээврийн хөгжлийн сайд, 22.8 хувь буюу 160.5 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 23.6 хувь буюу 167.2 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, 14.9 хувь буюу 105.1 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 5.4 хувь буюу 35.5 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын зарлага эзэлжээ. Улсын төсвөөс 729.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 40.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав.

    Тус Байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар танилцууллаа. Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 8 байгууллага, нэгжийн тайлан нэгтгэгдсэнээс 2 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 1 санхүүгийн тайланд хязгаарлалттай, 5 санхүүгийн тайланд зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 3.8 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 2 тэрбум төгрөгийн 4 алдааг аудитын явцад залруулжээ. 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт тогтоож, 0.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах хоёр албан шаардлага, 0.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 28 зөвлөмжийг тус тус өгсөн байна.

    Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 56 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 2 санхүүгийн тайланд итгэл үзүүлж, 9 санхүүгийн тайланг түүвэрт хамруулсан. Ингээд 9 санхүүгийн тайлан хязгаарлалттай, 35 санхүүгийн тайланд зөрчилгүй санал, дүгнэлт өгсөн бол 1 санхүүгийн тайлан аудитад хамрагдаагүй байна. ИНЕГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Нисэх буудлуудын удирдах газар, Авто тээврийн үндэсний төв, Монголын төмөр зам, Орхон, Налайх, Баянчандмань, Архангай аймгийн АЗЗА компаниуд хязгаарлалттай гэсэн дүгнэлт авсан байна. Аудитаар 109.7 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 82.1 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд 21 төлбөрийн акт тогтоож, 6.8 тэрбум төгрөгийн зөрчил арилгах 39 албан шаардлага өгч, 20.7 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах 162 зөвлөмжийг хүргүүлжээ.


    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 23 байгууллага, нэгжийн тайлан нэгтгэгдсэнээс 3 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 4 санхүүгийн тайланд хязгаарлалттай, 16 санхүүгийн тайланд зөрчилгүй санал, дүгнэлт өгсөн байна. Геологийн төв лаборатори, “Эрдэнэт” үйлдвэр, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ, яамны аппаратын санхүүгийн тайланд тус тус хязгаарлалттай дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 3.0 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 791.1 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.05 тэрбум төгрөгийн зөрчилд 7 төлбөрийн акт тогтоож, 28 албан шаардлага, 76 зөвлөмжийг хүргүүлсэн байна.

    Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 33 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 3 санхүүгийн тайланд хязгаарлалттай, 29 санхүүгийн тайланд зөрчилгүй санал, дүгнэлт өгсөн байна. Эгийн голын цахилгаан станц ТӨХК, Диспетчерийн үндэсний төв болон яамны аппаратын санхүүгийн тайланд тус тус хязгаарлалттай дүгнэлт өгснийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулгадаа дурдсан. Аудитаар нийт 1 их наяд 73 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээс 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 5 төлбөрийн акт тогтоож, 4.2 тэрбум төгрөгийн зөрчилд хамаарах 23 албан шаардлага, 8.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах 115 зөвлөмжийг хүргүүлсэн байна.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 67 байгууллага, нэгжийн тайлан нэгтгэгдсэнээс 57 байгууллагад санал дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 6 байгууллагад итгэл үзүүлжээ. Санал дүгнэлт гаргасан 57 байгууллагаас 53 нь зөрчилгүй, харин Малын удмын үндэсний сан, Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжин сан гэсэн 4 нь хязгаарлалттай гэсэн санал дүгнэлт авчээ. Аудитаар нийт 27 тэрбум төгрөгийн алдаа илрүүлснээс 21 тэрбум төгрөгийг санхүүгийн тайланд залруулж, 19 төлбөрийн акт тогтоож, 32 албан шаардлага, 105 зөвлөмжийг хүргүүлсэн байна.

    Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Т.Аубакар  нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав.


    Ийнхүү Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2020-08-19 14:44  141