Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

  2017-06-02 14:51  530

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Батзориг өргөн мэдүүлэв.


Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед  дайсны талд шилжин орсон бол  арван зургаагаас  хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэг “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон байна.

Эх орноосоо урвах болон гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах  гэмт хэргүүдийн субьект нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилго нь гэмт хэргийн субьектив шинж, дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн,  хамтран ажилласан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн обьектив шинж болдог. Дээрх 2 гэмт хэргийн субьект, субьектив, обьектив шинжүүд ижил байгааг УИХ-ын гишүүн Б.Батзориг хэллээ.

Иймд Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлийн байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, мэргэжлийн судлаачид, холбогдох төрийн бус байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьж байгааг харгалзан энэхүү хуулийг төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-06-02 14:51  530