"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт

  2013-05-03 00:00  189
2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар  хот

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн гадаад бодлого, батлан хамгаалах зорилтын хэрэгжилтийг хэлэлцүүлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ц.Цолмон, Д.Ганбат нар Монгол Улсаас хоёр хөршийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа, үр дүнгийн тухай Гадаад харилцааны яамны мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд манай улс Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцийн дагуу “холбогдох далайд гарцгүй улс, дамжин өнгөрүүлэгч улс чөлөөтэй дамжин өнгөрөх нөхцөл, журмыг хоёр талт гэрээгээр” шийдвэрлэх ёстой атал Монгол Улс 3 талт хэлэлцээр байгуулж байгааг залруулахыг Гадаад харилцааны яаманд анхааруулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд энхийг сахиулах олон улсын сургалтын төвийн материаллаг баазыг бэхжүүлэх, цэргийн албаны нэр хүндийг дээшлүүлэхэд Улсын Их Хурлаас онцгой анхаарах, УИХ-ын гишүүн Д.Ганбат батлан хамгаалах, зэвсэгт хүчний зэвсэг-техникийн хувьд хоцрогдсон, хуучирсан байгааг анхаарч шинэчлэх талаар тодорхой арга хэмжээ авах талаар санаачлагатай ажиллах зэрэг санал гаргасан болно.

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Ё.Отгонбаяр нар Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь ерөнхий зүйл заалт тусгасан, баримт бичгийн зорилго тодорхойгүйгээс хэрэгжилтийг дүгнэхэд хүндрэлтэй байгаа тул үндсэн чиглэл боловсруулах, хэрэгжилтийг дүгнэх арга, хэлбэрийг боловсронгүй болгож Төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн улсын төсөвтэй уялдуулах шаардлагатай гэсэн санал гаргалаа.

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг батлан хамгаалах салбарыг мэргэжлийн цэрэгт суурилсан батлан хамгаалах хүчнийг бүрдүүлэх, дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтын стандартыг төгөлдөржүүлэх, холбоо, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар онцгой анхаарах зэрэг саналуудыг нэмж гаргасан болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж байна.


АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД
БОДЛОГЫН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                             Ц.ЦОЛМОН

  2016-09-23 02:44  189