“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 22 дугаарын тойм

  2019-06-07 11:14  51
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 22 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хамт батлагдсан хуулиудын хамт нийтэлжээ.

Монгол Улс 2017 оны эцэст Европын холбооны “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын хар жагсаалт”-д багтсанаар 2020 оноос өмнө дотоодын хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, холбогдох конвенцуудад нэгдэн орох үүрэг амлалтыг хүлээн, уг жагсаалтаас гарсантай холбогдуулан татвараас зайлсхийх, татварын суурь багасгаж ашиг хүртэх явдалтай тэмцэх зорилгоор олон улсад хэрэгждэг нийтлэг дүрмийг хэрэгжүүлэхээр болж буй аж.

Татварын албаны үр ашиггүй зардлыг бууруулах зорилгоор тогтсон төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бус татвар төлөгчийн эрсдэлийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр гаргаж, зөвхөн эрсдэлтэй тохиолдолд хяналт шалтгалт хийхээр тусгаж, татварын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлсэн байна.

Татвар төлөгчид өр барагдуулах хугацаа олгохгүйгээр татвар төлөгчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, дарамт учруулдаг асуудлыг бууруулах зорилгоор татвар төлөгчид үүссэн нөхцөл байдлыг харгалзан 2 жил хүртэлх хугацаагаар татвар төлөх хугацааг сунгахаар тусгаж, татварын тайланг татвар төлөгч өөрөө 1 жилийн хугацаанд залруулах бололцоог нээж өгчээ.

Татвар төлөх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний үндсэн үүрэг гэж заасан боловч бусад хууль тогтоомжоор аливаа өр төлбөрөөс татварыг хэдийд гаргуулах талаар тодорхой заагаагүй тул олон улсын жишигт нийцүүлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлж, татварын өрийг хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах, тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэл болон аливаа барьцаат эрхийн авлагаас бусад авлагаас өмнө нь хураахаар тусгаж баталсан байна.

Татварын илүү төлөлтийг татвар төлөгчид буцаан олгохдоо төлбөл зохих бусад татварт суутган тооцох харилцаа нэгдүгээрт байсан бол энэ хуулиар татвар төлөгчид ашигтай байдлаар буюу буцаан олгох асуудал нь нэн тэргүүнд байхаар болжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2019-06-13 11:18  51