Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-07-10 12:07 Уншсан: 105

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.10) хуралдаан 09 цаг 40 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Тэрээр, Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 147.1-д заасны дагуу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтаар нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа талаар танилцууллаа.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тавьсан итгэлдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах төв болон салбар 46 комисс, 1983 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 30 баг ажиллаж, тэдгээрт нийт 25 мянга гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2017 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системээр зохион байгуулж явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байлаа. Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч, ажиллалаа. Тухайлбал, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Европын Парламент, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба зэрэг олон улсын байгууллагуудын болон АНУ, Канад, ОХУ, БНКирУ, БНСУ, Япон зэрэг 37 улс орны ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авч ажилласан бөгөөд мөн сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 17947 ажиглагч санал авах байруудад ажиллалаа.

2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн анхан шатны сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 68.27 хувь нь буюу 1357788 сонгогч оролцож саналаа өгсөн байна. Гурван нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн тав, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 43 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтсон.

Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа сонгуулийн дүнг хэлэлцэн Сонгуулийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Монгол Улсын Их Хуралд 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 5-д заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.


Ингээд СЕХ-ны даргын илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Занданшатар, Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлэхийн сацуу байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага бий болсон талаар санал хэлж байсан бол зарим гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын тухай заалт хангалтгүй байгаа тул Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь оруулж ирүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

 

Ийнхүү хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 93.3 хувийн саналаар Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай тухай хуулийн төслийг дэмжлээ.

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг танилцуулгад Монгол Улсын Yндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоосугай гэж заасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувийн саналаар уг тогтоллын төслийг батлах тухай хуулийн төсөл дэмжигдлээ. 

Эдгээр хуулийн болон тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-07-10 11:07

Хуралдааны тов