ТББХ: Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст “Сөрөг” санал, дүгнэлт өгчээ

  2019-10-03 14:40  161


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны  өнөөдрийн (2019.10.03) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

     Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9,3 их наяд тэрбум төгрөгт, нэгдсэн төсвийн зарлага 9,3 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын багцын 90 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 9 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 9 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. 

    Үргэлжлүүлэн тус Байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн болон гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитын талаар Монголын Үндэсний аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 5 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар илэрсэн 0.1 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж, 1 албан шаардлага хүргүүлсэн.


    Улсын Их Хурлын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” гэсэн санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 0.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.1 тэрбум төгрөгийн бүртгэл тайлагналын алдааг залруулан, 0.4 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмжийг хүргүүллээ.

  Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 17 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн байна. Аудитаар 12.0 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 8.9 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 27 зөвлөмж,1.2 тэрбум төгрөгийн акт тогтоож, 0.7 тэрбум төгрөгийн албан шаардлагыг хүргүүлсэн гэж байлаа. 

  Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгүуллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 93 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 81 байгууллага аудитад хамрагдсан байна. Аудитаар 15.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 10.2 тэрбум төгрөгийн алдааг залруулан 30.0 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 128 зөвлөмж, 2.3 тэрбум төгрөгийн 62 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Харьяа байгууллагуудаас Стандарт, хэмжил зүйн газар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны санхүүгийн тайланд “Хязгаарлалттай”, Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст “Сөрөг” санал, дүгнэлт өгсөн. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн  гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцлов. 

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 5.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 5.3 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 77.8 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 21 зөвлөмж, 79.8 сая төгрөгийн 5 албан шаардлагыг хүргүүлэв.

   

  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 2 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж "Зөрчилгүй" санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 0.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 26.4 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн гэдгийг тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа дурдав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив.  Энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Н.Амарзаяа Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд  танилцуулахаар тогтлоо.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

    Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.


    “Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 04 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгон өөрчлөн байгуулсан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, бие даасан худалдан аван ажиллагааны мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна.

    Яам, агентлаг, төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийн хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг хугацаа алдах, иргэдэд хүртэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашруулж байна гэж хууль санаачлагчид үзжээ. 

    Мөн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байхгүй болсноор гадны зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг зохион байгуулах мэргэжлийн боловсон хүчний дутагдал үүсэж, худалдан авах ажиллагааны олон улсын зэргээс Монгол Улс ухарсан зэрэг сөрөг үр дагаварууд үүсчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2019 ны 03 дугаар сарын 22-ны өдрийн  чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг салгаж, Худалдан авах ажиллагааны бие даасан Засгийн газрын агентлаг дахин байгуулах эрх үйн зохицуулалт бий болжээ. 


  Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний тогтолцоог боловсронгуй болгох нь төрийн худалдан авах ажиллагаа системтэй, ил тод, хурдан шуурхай зохион байгуулах, захиалагч болон орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар цаг алдалгүй хангахад ихээхэн ач холбогдолтой  гэж хууль санаачлагчид үзсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагагүй аж. 

   Тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар асуулт асууж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат хариулт өглөө. 

   Гишүүдийн зүгээс яам, агентлаг бүр тендер зарлахгүйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэг бодлогод зангидаж, худалдан авах ажиллагааны бие даасан мэргэшсэн агентлаг байгуулахаар болсныг дэмжиж байгаа ч зарим асуудлыг анхааралдаа авч ажиллахыг сануулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, шинээр байгуулагдах агентлагт ирэх 2020 оны улсын төсвийн 3 их наядын хөрөнгө оруулалтыг зохион байгуулах хүн хүч, боловсон хүчний чадвар байгаа юу гэдгээ ахин нэг бодохыг сануулж байсан бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа бие даасан агентлаг байгуулахдаа үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлтдөө томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил өнөөдөр 40 хувьтай байна. Мөнгөгүй байгаад хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа бол нэг асуудал. Гэтэл мөнгө нь байхад, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байгаа нь удирдлага, зохион байгуулалтын асуудалтай шууд холбоотой нь харагдаж байна. Иймд мэргэшсэн байгууллага нь удирдлага, зохион байгуулалтаа зөв хийхийн зэрэгцээ зураг, төсөвгүй барилгыг улсын төсвийн жагсаалтад суулгахгүй байхад онцгойлон анхаарч ажиллахыг сануулж байлаа. 


  Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-10-03 14:09  161