Цэс

Холбоо барих

“Засгийн газрыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөв

Монгол Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр (2017.09.07) 16 цаг 13 минутад 96.1 хувийн ирцтэйгээр эхэлж, 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын нэр бүхий 30 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналын талаархи хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд тус дэд хороо хуралдсан тул завсарлага дуусч буйг УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ. УИХ-ын ээлжит бус чуулган Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явагдаж буйг УИХ-ын дарга М.Энхболд дурдаад Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны санал, дүгнэлтийг танилцуулах тул чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17 цаг 12 минутад нээлттэй горимд шилжин, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналын талаархи хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанд танилцуулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах саналыг өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг уг саналыг дэмжиж буйг дурдаад улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлэв.

Өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарал хандуулах энэ цаг үед Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих нь тохиромжгүй гэдгийг олон гишүүн хэлж байлаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасныхаа төлөө, УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийн нэг болж буйд харамсаж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг хүнд нөхцөлд Засгийн газар хангалттай сайн ажилласан, тэдний эхлүүлсэн бодлого хэрэгжиж эхэлж буй энэ өдрүүдэд огцруулах нь дотоодод төдийгүй олон улсад Монголын нэр хүнд, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг тооцох нь зүйтэй гэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төрийн тогтвортой байдлыг эрхэмлэх ёстой гэдгийг онцолсон, харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессийн гэрээ байгуулахтай холбоотой шийдвэрийг УИХ гаргах ёстой байхад Засгийн газар дур мэдэн шийдсэн, өмнөх Засгийн газрын гаргаж байсан алдаатай бодлогыг засаж сайжруулах ажлыг хийгээгүй гэлээ.

УИХ-ын гишүүд ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв. Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж мөрдсөн цагаас хойш 25 дахь жилд 13 Засгийн газар ажилласан талаар тэрбээр дурдаад “Манай танхим 14 дэх нь. Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь хэвийн үзэгдэл хэдий ч сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор хохирол болдог. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 жил орчим байсан гэдгээс гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлага тооцох эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг хэмээн би үзэж байна” гэлээ. Улсаараа хөгжье гэвэл буруу жишигт цэг хатгаж, засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болсон гэдгийг тэмдэглэж байв. Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар цаг наргүй зүтгэж ажилласан гэдгийг тэрбээр онцлоод, танхимынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулсан. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах саналын үндэслэл бүрт тайлбар хийж, эцэст нь тодорхой хоёр асуудлаар байр сууриа илэрхийлэв.

 

Ингээд УИХ-ын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзсэнийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь буюу 57.5 хувь нь татгалзсанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар болсон тул “Засгийн газрыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. 

Эцэст нь УИХ-ын дарга 2017 оны ээлжит бус чуулган хааж буйг мэдэгдсэнээр ээлжит бус чуулган өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл