Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад “Их хуралдай” танхимд 40 гишүүн хүрэлцэн ирж, цахимаар 6 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсов. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.
Сангийн сайд мэдээлэлдээ, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г 2021 оны 42 дугаар тогтоолоор 56 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлж байна. Цогц төлөвлөгөөнд иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих болон уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг тусгасан.
Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх; цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх; хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах; үр тарианы болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац тасалдахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах; экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавихаар тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж буйг онцлов.
Мөн тэрбээр, Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулахдаа улсын төсөв, Засгийн газрын өрд дарамт үүсгэхгүй байх зарчим баримталсан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас ажлын байрыг дэмжих зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээлийг банкуудын өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлж, Засгийн газраас хүүгийн дэмжлэг олгох, репо санхүүжилттэй зээл болон ипотекийн зээлийг банк болон Төв банкны репо санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тооцож төлөвлөсөн.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үндсэн зорилт нь банк, санхүүгийн байгууллагаас олгох зээлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Зээлийн батлан даалтын тогтолцоог ашиглан банкуудын эрсдэлийг хуваалцах, Засгийн газраас батлагдсан төсвийн хүрээнд зээлдэгчийн төлөх хүүгийн тодорхой хувийг хариуцан төлөх замаар зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөллөхөөр тооцсон. Түүнчлэн улсын төсөвт тусгагдан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг эрчимжүүлэх замаар эдийн засгийн идэвхжпийг бий болгохоор төлөвлөгөөнд тусгасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтээн байгуулалтын төсөл болон эдийн засгийн хувьд үр ашигтай бусад төслүүдийг улсын төсөв, Засгийн газрын өрийн хязгаарт дарамт үзүүлэхгүйгээр санхүүжүүлэхээр төлөвлөснийг тодотголоо.
Цогц төлөвлөгөөнд: Ажлын байрыг дэмжих зээл /2021 он/, Ипотекийн зээл /2021-2022 он/, Репо санхүүжилтийн зээл /2021 он/-д тус бүр 2 их наяд, Хөдөө аж ахуйн зээл /2021 он/-д 500 тэрбум, Орон сууцны хорооллын дэд бүтэц /2021-2024 он/-д 1 их наяд, Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалт /2021-2024 он/-д 500 тэрбум, Том төслүүдийн санхүүжилт /2021-2024 он/-д 2 их наяд, нийтдээ 10 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг тусгажээ. Ингээд Сангийн сайд Б.Жавхлан цогц төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар гишүүдэд танилцуулсан юм.
Ажлын байрыг дэмжих зээл:
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын санхүүгийн чөлөөт эх үүсвэрт тулгуурлан олгож эхлээд байна. Уг зээлийн бүтээгдэхүүн нь зээлдэгч талдаа жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 1 жил үндсэн зээлийнхээ төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүүгийн 6 нэгж хувийг, иргэдэд олгосон зээлийн 7 нэгж хувийг хариуцан төлөх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд 60 хүртэлх хувийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан гаргаж болохоор зохицуулан хэрэгжүүлж байна.
Сангийн яам, Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, арилжааны 10 банк хооронд 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-д тусгагдсан “Ажпын байрыг дэмжих зээл”-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г байгуулсан. Банкууд зээлийн хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн. 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 4,982.1 тэрбум төгрөгийн 36.3 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 369.3 тэрбум төгрөгийг 5,525 (814 аж ахуйн нэгж, 4711 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг, аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 237 сая төгрөг байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээл:
Монголбанк дэлхийн бусад улс, орнуудын төв банкуудын Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг судалж, зээлийг багцлан үнэт цаасжуулж репо нөхцөлөөр санхүүжилт олгох механизмыг 2020 оны дөрөвдүгээр улиралд нэвтрүүлсэн байна. Уг арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас 2 жил хүртэл хугацаатайгаар банкнуудад репо нөхцөлөөр санхүүжилт олгож, банкууд эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэйгээр шинээр зээл олгох, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна.
2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 476.6 тэрбум төгрөгийн 2,204 зээлийн хүсэлт ирүүлснээс 221.3 тэрбум төгрөгийг 1,467 (1103 аж ахуйн нэгж, 364 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 150.8 сая төгрөг, аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 158.5 сая төгрөг байна.
Орон сууцны ипотекийн зээл:
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндсэн зорилгын хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд зээл олголтын нөхцөлийг хөнгөвчилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг жилийн 6 хувь болгож бууруулсан. Уг зээлийг Монголбанк болон банкуудын холимог эх үүсвэртэйгээр хэрэгжүүлж байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 542.8 тэрбум төгрөгийн 6,963 зээлийн хүсэлт ирүүлснээс 195.6 тэрбум төгрөгийг 2,609 зээлдэгчид олгоод байна. Иргэдийн зээлийн дундаж хэмжээ 75 сая төгрөг, үүнээс Улаанбаатар хотод олгосон зээлийн дундаж 82.6 сая, орон нутагт 54.7 сая төгрөг байна.
Эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ:
Коронавируст халдвар (КОВИД-19)-ыг эрт илрүүлэх, голомтыг хумих, вакцинжуулалтын бэлтгэл ажил, нийгэм-эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2021 оны хоёрдугаар сарын 8-22-ны өдрүүдэд төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны ажилтан, албан хаагч, голомтын бүсчилсэн, өргөтгөсөн тандалт, шинжилгээнд 411,420 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс 504,949 иргэнийг хамруулж, 118.5 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулсан.
Улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 36 нэр төрлийн нийт 5.2 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байгаагаас эрүүл мэндийн байгууллагад 2.4 тэрбум төгрөгийн, Эрүүл мэндийн яаманд 2.8 тэрбум төгрөгийн эмийн нөөц байна. Мөн 16 нэр төрлийн нийт 33.5 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөц, 13 нэр төрлийн нийт 1.2 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байна.
Оношлуурын нөөц улсын хэмжээнд ПГУ-ийн кит 49006 ширхэг, ПГУ-ийн ялгах кит 77516 ширхэг, ОЕЫЕ ЕХРЕПТ (Саг1пс1е) 255 ширхэг, хамар залгиурын түргэвчилсэн оношлуур 67839 ширхэг, ийлдэс болон бүхэл цусны түргэвчилсэн оношлуур 6284 ширхэг нөөцтэй байна. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат (үүнээс зөөврийн 137) ашиглагдаж байна.
Мөн Анагаахын шинжпэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэд Мюнхений технологийн Их сургууль, Японы Каназава Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шүлснээс коронавирус илрүүлэх шинэ оношлуур бүтээж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэхүү оношлуур нь коронавируст халдварыг эрт илрүүлэх өндөр мэдрэг чанартай, шинжилгээ өгч байгаа хүнд зовиургүй, халдварын эрсдэл бага бөгөөд 90 минутын дотор хариу гарч, шинжилгээний зардал 2-3 дахин бага зэрэг давуу талтай юм.
Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхпэлтийг дэмжих арга хэмжээ:
Залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зохион байгуулж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгох зорилго бүхий Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газрын 2021 оны 58 дугаар тогтоолоор батлаад байна. Хөтөлбөрийн хүрээнд 18-34 насны нийт 5000 залууг сонгон шалгаруулж, 1 сарын хугацаанд үргэлжлэх багц сургалтад тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хамруулж сургах юм. Сургалтын үйл явц, үр дүнг олон нийтэд нээлттэй байдлаар сурталчлан мэдээлж, залуучуудын ажил, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг төрүүлэх, улмаар ажлын байранд дадлагажуулан ажилд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулна.
Хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд 2021 онд нийт 5000 залууг багц сургалтад хамруулахад 11.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Сургалтаа амжилттай төгссөн залуусыг цаашид мэргэжлийн сургалтад үргэлжпүүлэн сургах, ажилд зуучлах үйлчилгээнд хамруулахаас гадна төсөлд хамрагдсан залуучуудыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажлын байраар хангасан ажил олгогч болон ажилтанд 1 жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн олгохоор тусгасан.
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийн хэрэгжилтийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвшөөрлийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулах ажлыг Удирдлагын академи, мэргэжлийн сургалт, боловсролын үнэлгээний төв болон хүний нөөцийн сургалтын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулж байна.
Иргэдээ татан авах, бизнес эрхлэгчид, түншлэгчдийг хүлээн авах арга хэмжээ:
2020 оны хоёрдугаар сарын 1-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар агаарын замаар 149 нислэг үйлдэж 25,216 иргэн, Монгол-Хятадын боомтоор 4,266 иргэн, Монгол-Оросын боомтоор 2,485 иргэн, нийт 93 орноос 31,967 иргэнээ эх орондоо авчрах ажлыг зохион байгуулсан. 2021 оны гуравдугаар сард агаарын замаар 19 нислэг үйлдэж 2035 иргэн, Монгол-Хятадын боомтоор 6 иргэн, Монгол-Оросын боомтоор 35 иргэн, нийт 2076 иргэдээ татан авсан байна.
Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тавдугаар сараас эхлэн тогтмол хуваарьт нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх хэлэлцээг хийж байна. Энэ хүрээнд эхний ээлжид гуравдугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын агаарын тээвэрлэгчийн нислэгийг хүлээн авсан бол дөрөвдүгээр сард БНСУ-ын 2, БНТУ-ын 1 нислэгийг хүлээж авах бэлтгэлийг хангаж байна.
Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах уйл ажиллагааг зохицуулах түр журам” батлагдсантай холбогдуулан хилийн чанадаас ирэх иргэдийг зориулалтын байранд 7 хоног тусгаарлах горим хэрэгжиж эхэлсэн. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн болон коронавируст халдвар авч, эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй байхаар шийдвэрлэсэн. Захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах зориулалтаар 14 зочид буудлыг тусгаарлан ажиглах байраар ашиглаж байгаа бол нөөцөд 11 зочид буудлын 531 өрөө, 932 ор бэлтгээд байна.
Хилийн ачаа тээвэр, боомтын үйл ажиллагаа:
Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, Монгол-Хятадын хилийн авто замын бүх боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөн огцом буурсан. Хятадын талтай дипломат шугамаар идэвхтэй харилцсаны дүнд хоёр улсын хилийн авто замын бүх боомтоор хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл харьцангуй тогтвортой байсан. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар нүүрсний 500, зэсийн баяжмалын 80 машин, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар 400 нүүрс тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байв.
Харин “Оюутолгой” ХХК-ийн ажилтнаас коронавируст халдвар илэрсэнтэй холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт боомтоор зэсийн баяжмал тээвэрлэх автомашиныг хилээр оруулахыг түр хязгаарлаж байгаагаа мэдэгдэж, тус боомтоор зэсийн баяжмалын экспорт гуравдугаар сарын 15-ны өдрөөс зогсож, нүүрсний экспорт огцом буурч, өдөрт дунджаар 50 машин хил нэвтэрч байна. Иймээс асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хятадын талтай харилцсаны дүнд Монгол, Хятадын Гадаад харилцааны яамд хоорондын цахим уулзалтын механизмын III уулзалтыг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Уулзалтаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудын бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, жолооч, хил, боомтын ажилтнуудыг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлж байгаа талаар мэдээлж, боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох санал дэвшүүлэн холбогдох чиглэлээр ажиллаж байна.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Бургастай-Лаоемяо боомтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс байнгын ажиллагаанд шилжүүлэхээр Хятадын талтай тохиролцсон. Мөн Булган-Такашикэн боомтыг 2021 оны гураввдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оныг дуустал бямба, ням гарагт нэмэлтээр ажиллуулахаар тохиролцож, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр Булган боомтоор өдөрт дунджаар нүүрс экспортын 80-100 машиныг толгой-чиргүүл солих зарчмаар хилийн дундын бүсэд солилцож байна.
Замын-Үүд төмөр замын боомт хуваарийн дагуу ажиллаж, Хятадын талд байгаа 70 жолооч хилийн дундын бүсэд автомашины жолооч солилцох байдлаар улс хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Мөн Бичигт боомтоор “Дачин тамсаг” ХХК-ийн газрын тос өдөрт дунджаар 30-50 машин, Ханги боомтоор нүүрс өдөрт дунджаар 50-60 машин, Баянхошуу боомтоор “Дачин тамсаг” ХХК-ийн газрын тос өдөрт дунджаар 30-50 машин улсын хилээр нэвтэрч, нөхцөл байдал хэвийн байна.
Боршоо авто замын боомтыг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс сар бүрийн хоёр болон дөрөв дэх долоо хоногг нээн ажиллуулж, зөвхөн шатахуун, малын тэжээл тээвэрлэх авто машиныг улсын хилээр нэвтрүүлж байна. Мөн Цагааннуур авто замын боомтыг сар бүрийн хоёр болон дөрөв дэх долоо хоногт, Эрээнцав төмөр замын боомтыг сар бүрийн нэг болон гурав дахь долоо хоногт нээн ажиллуулж, зөвхөн нефть бүтээгдэхүүн, малын тэжээл улсын хилээр нэвтрүүлж байна. Алтанбулаг авто замын боомтыг хоёрдугаар сарын 23-ны өдрөөс байнгын ажиллагаанд шилжүүлж, гадаад тээвэрлэгчийг нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй, толгой-чиргүүл солих байдлаар тээвэр зохион байгуулалтыг гүйцэтгэж байна.
Залуус I, II, III орон сууцны хороолол” төсөл:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн 57 га газарт, Морингийн даваанд нийт 3,000 орчим өрхийг орлогод нийцсэн орон сууцаар хангах “Залуус 1” хорооллыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд орон сууцны хорооллын техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зургийг 2021 оны хоёрдугаар улиралд, 2021 оны 3, 4 дүгээр улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээний зураг төсөл, эхний ээлжийн ажлын зураг төслийг боловсруулахаар төлөвлөж байна. Боловсруулсан зураг төслийн дагуу 2022 онд хорооллын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ.
“Залуус 1” хорооллын орон сууцны бүтээн байгуулалтыг давтан хэрэглэх нэг маягийн зурагт тулгуурлан төрөөс газар, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хувийн хэвшилтэй хамтран төр, хувийн хэвшлийн зохистой түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх замаар иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн, инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцаар хангах зорилт дэвшүүлээд байгаа аж.
Мөн уг төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд Засгийн газар хүүгийн тодорхой дэмжлэг үзүүлж байгаа. Тухайлбал, Хаврын тариалалтад зориулан олгох 100 тэрбум төгрөг, ноолуур бэлтгэлийн үйл ажиллагаанд зориулж олгох 200 тэрбум төгрөг, нийт 300 тэрбум төгрөгийн зээлийн хүрээнд 1 жилийн хугацаатай, жилийн 3.0 хувийн хүүтэй зээлийг олгох бөгөөд зээлийн хүүгийн 7.65 хүртэлх хувьд; Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийн хүрээнд 3 жилийн хугацаанд жилийн 3.0 хувийн хүүтэй зээлийг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан олгох бөгөөд зээлийн хүүгийн 7.0 хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх бол Ажлын байрыг дэмжих зээл, Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүрээнд Засгийн газар 2021-2024 оны хооронд нийт 315.4 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгийг иргэн, аж ахуй нэгжүүдэд олгохоор болсон байна.
Эдгээр зээлийн хүүгийн дэмжлэгт 2021 онд шаардагдах зардлыг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу 2021 оны батлагдсан зардлын хүрээнд зохицуулалт хийж санхүүжүүлнэ. Харин 2022-2024 онд олгох хүүгийн дэмжлэгийн зардлыг Монгол Улсын 2022-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайн онуудын Төсвийн тухай хуульд тусгаж санхүүжүүлэхээр төлөвлөснийг Сангийн сайд танилцуулсан юм. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор гаргасан үнэт цаасны төлбөрт жил бүр 5 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаанд улсын төсвөөс төлөх бөгөөд энэ нь төсөвт харьцангуй бага ачаалал үүсгэж, ажлын байрыг дэмжих зээлд хамрагдсан, барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд нийт 1 их наяд төгрөг хүртэл зээлийн батлан даалт гаргах нөхцөлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх хүрээнд нийт 6.5 их наяд төгрөгийн бага хүүтэй зээл олгогдох бөгөөд Засгийн газраас 2021-2024 онуудад жилд дунджаар 70-80 тэрбум төгрөг зарцуулж, энэ нь бага хүүтэй зээл авсан аж ахуйн нэгж, иргэд, малчдад санхүүгийн дэмжлэг болж, бизнесийн хэвийн үйл ажиллагаа хангагдана гэдгийг Сангийн сайд тодотголоо.
Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг 2019 оны түвшинд хүргэж сэргээх зорилт тавьж байгаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 оноос бизнесийн идэвхжил сэргэж, эдийн засгийн өсөлт 5.2 хувиас давах төсөөлөлтэй байна. Улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорьж байна. Түүнчлэн цогц төлөвлөгөөний хүрээнд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгож байгаа нь бизнесийн зардлыг бууруулж, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамтыг бууруулахад чухал нөлөөтэй. Инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2022-2024 онд 6 орчим хувьд байхаар байгааг сайд нэмж дурдав.
Сангийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Х.Баделхан, С.Одонтуяа, Х.Ганхуяг, С.Бямбацогт, Н.Алтанхуяг, Х.Болорчулуун, Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Ганибал, Т.Доржханд, Н.Наранбаатар, Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, С.Чинзориг нар Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, халдварт цар тахлын улмаас 2020 онд эдийн засгийн бодит өсөлт -5.3 хувь болж буурсан, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 12 хувь болж нэмэгдсэн, зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкуудаас олгох зээлийн хэмжээ буурч, банкуудын нийт 8 их наяд төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаасанд байршсан байсан. Мөн 2020 онд нийтдээ 65-68.9 мянган ажлын байр алдагдаж, цаашид эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд нэмж 120 мянган ажлын байраа алдах эрсдэлтэй байсан.
Иймээс Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг цар тахлын өмнөх түвшинд буюу эдийн засгийн өсөлтийг 5.2 хувиас багагүй түвшинд хүргэн сэргээх, ажлын байрыг дэмжихийн зэрэгцээ инфляц, гадаад валютын албан нөөцийг мөнгөний бодлогын зорилтот түвшинд барих зорилт тавьж байна. Түүнчлэн ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд нийт 3,500 аж ахуйн нэгж, 20,000 иргэнд зээл олгож, 120 мянган ажлын байрыг дэмжихээр тооцсон гэлээ. Мөн дэлхий дахинд коронавирусын халдварт цар тахлаас сэргийлэх вакцины уралдаан өрнөж байна. Бид бусад улс орнуудаас хоцроогүй. Одоогоор зорилтот бүлгийн хүн амынхаа 26 хувийг вакцинд хамруулаад байна. Энэ үзүүлэлтээр Ази тивдээ эхний тавд багтаж байгааг дурдав. Түүнчлэн вакцинжуулалтын хүрсэн түвшин, үр дүнгээ хамгаалах зорилгоор Засгийн газар Оюутолгой компанийн төлсөн татварын орлогоос иргэддээ адил тэгш дэмжлэг үзүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан. Энэ хүрээнд иргэн бүртээ 300 мянган төгрөг олгох ажлыг эхлүүлсэн гэдгийг онцлов.
Мөн Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар гишүүдийн зарим асуултад хариулт, тодруулга өгсөн юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд одоогоор дэлхийн 153 улсад 85 төрлийн вакцины туршилт хийгдэж байна. Манай улс эдгээрээс 4 төрлийн вакциныг олон улсын хөтөлбөрийн хүрээнд оруулж ирэх болон худалдан авч иргэдээ вакцинжуулж байна. Өнөөдрийн байдлаар 584 347 хүн эхний тунг, 500 гаруй хүн хоёр дахь тунгаа хийлгээд байна. Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд зорилтот хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилттой ажиллаж байгаа. Эдгээр вакцины хариу урвал адилгүй. Одоогоор вакцинтай холбоотой ямар нэг хүндрэл гараагүй. Вакцины хариу урвалыг судлах, хянах чиглэлээр яамнаас судалгааны баг гараад ажиллаж байгаа гэсэн хариулт өгөв.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон үг хэлж, Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүлсэн тухайгаа гишүүдэд танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, маргаашнаас хатуу хөл хорио тогтоох буюу дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Яагаад гэвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас Оюутолгойн асуудлаар Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн гээд энэ асуудалд анхаарал тавьж дэмжиж ажиллахыг гишүүдээс хүсэв.
Нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжээ хамгаалахад чиглэсэн цогц төлөвлөгөө, хөтөлбөрүүдээ цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нөөц, үнэ ханшийг тогтвортой байлгах, хаврын тариалалт, вакцинжуулалтын ажилд Засгийн газар онцгой анхаарах, хорио цээрийн дэглэмийг сахиж мөрдөхөд төр, засгийн байгууллагууд төдийгүй иргэн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах шаардлагатайг анхааруулав. Мөн хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Засгийн газраас иргэн бүртээ дэмжлэг болгож 300 мянган төгрөг олгохоор болсон нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой шийдвэр болсныг онцоллоо. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.