“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

  2018-09-17 11:34  358

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Япон Улсын Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит Консул, “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав. 


    УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Япон Улсын Кансай бүс, Осака, Хоккайдо муж хар салхи, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэж, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд хувиасаа болон Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлээд Япон Улс гамшгийн хохирлыг богино хугацаанд  давна гэдэгт итгэлтэй байна гэв. 

   Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг болохыг тэрбээр тэмдэглэн хэллээ. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга “Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байна. Монгол, Японы харилцааг эдийн засгийн салбарт шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байдаг. 2016 оноос хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилтийг хангаж, мөн Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ. 


    Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар 2017 оны гуравдугаар сард тус улсад айлчлалын хүрээнд дээрх баримт бичигт гарын үсэг зурах ёслол болсон бөгөөд EPA-ийн бодит үр өгөөжийг дээшлүүлэхэд хоёр улсын төр, хувийн хэвшлийн хэлхээ холбоо болон орон нутаг, иргэд хоорондын идэвх, санаачлага хамгийн чухал болохыг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. 

    Гурав дахь жилдээ “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулсан ноён Ц.Такэбэд УИХ-ын дарга баяр хүргээд, парламентын гишүүн байх үеэсээ хойш хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачилга гарган ажиллаж ирснийг нь тэмдэглэлээ.  


    Ноён Ц.Такэбэ УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд хоёр талын бизнесийн байгууллагууд танилцан, тодорхой түвшинд хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн үр дүнтэй байгааг тэрбээр танилцуулсан юм. Цаашдаа нийгэмлэгийн үйл ажиллагааг бодит салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэн тэргүүнд аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарахаар төлөвлөөд байгаа аж. Монгол Улсад аялал жуулчлалын нөөц их бий, Хоккайдо жилдээ 5.3 сая орчим жуулчин хүлээн авдаг туршлагатай. Үүний зэрэгцээ Монголын уламжлалт мал аж ахуйг аялал жуулчлалын салбарын тулгуур болох бололцоо бий гэж үзэж байгаагаа Ноён Ц.Такэбэ танилцууллаа. Цаашдаа улс орнуудын иргэдийн аялал жуулчлал жил жилээр өсөх судалгаа бий учраас Монгол Улс дотоод нөөцөө бүрэн ашиглах, нэн тэргүүн шинэ нисэх онгоцны буудлаа ашиглалтад оруулах, холбогдох дэд бүтцийг бүтээн байгуулах нь хэтдээ эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр хэллээ. 

    Мөн Монгол Улсын мал аж ахуйн тогтвортой хөгжил эдийн засгийн чухал ач холбогдолтой бөгөөд “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” нь цаашдаа мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, судалгаа хийх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр ажиллах боломж байгаа талаар танилцууллаа.  


    Хоккайда муж бол цаг агаарын хувьд Монголтой төстэй учир хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход илүү дөхөм гэдгийг УИХ-ын дарга хэлэв. Үүнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн хамтран зохион байгуулдаг “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум” чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэсэн юм. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах явцад хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гарсан тохиолдолд Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллахад бэлэн гэдгийг илэрхийллээ. 

    Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Ц.Такэбэ-д Монгол, Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө сэтгэл гарган дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт нь талархал илэрхийлж,  сайн сайхныг хүслээ. 

    Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато болон албан бусад хүмүүс байлцав. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.09.17


  2018-09-17 14:06  358