Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчид мэдээлэл хийлээ

  2017-06-05 15:34  720

Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2017.06.05) хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.


Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар, Ж.Батзандан нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэвлэлийн бага хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ:


- “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Одоогоос 26 жилийн өмнө 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж явуулах үед Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргаж байсан байдаг. Түүнээс хойших хугацаанд улс орны нийгмийн амьдрал ч, бас дэлхий дахин ч ихээхэн өөрчлөгдлөө. Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал олонтаа яригдаж, Улсын Их Хурлын хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, гишүүд ч тодорхой төслүүд санаачилж, улс төрийн намуудын түвшинд зөвшилцөл явагдаж, нийгэмд хүлээлт үүсээд байгаа билээ.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиуд баталж, улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар иргэдийнхээ оролцоотойгоор энэ оны хавар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Иймээс Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга биш, Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хөндөхгүйгээр тодорхой хүрээ хязгаарт зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг л ярьж байгаа юм.

Үндсэн хууль бол нийгмийн талуудын зөвшилцлийн гэрээ, ард түмний бүтээл юм. Иймээс ард иргэдийнхээ дуу хоолой,  санал бодлыг сонсохын тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж иргэдийнхээ оролцоог хангах үүднээс Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоол батлаад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн боловсруулсан уг тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 09 дүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр тогтоолоо. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, ард нийтэд толилуулахаар заасан.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсэг болон Ажлын дэд хэсгүүдийг байгуулж, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг тогтоолын хавсралтаар баталж өгсөн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажилд санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд 2017 оны 10 дугаа сарын 01-ний дотор өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэгт даалгасан.

Тогтоолд заасны дагуу Ажлын хэсгүүд тодорхой үүрэг хүлээж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ард нийтийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, нийгмийн бүх талын зөвшилцлийг хангах ажил өнөөдрөөс эхэлж байна гээд нийгмийн зөвшилцлийн чухал баримт бичиг болох энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон ул суурьтай, няхуур хандаж санал бодлоо ирүүлэхийг нийт иргэддээ уриалав.

Уг тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан агаад энэхүү өргөн хүрээтэй ажлыг хариуцаж зохион байгуулах үүрэгтэй Ажлын гурван дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүд ахалж ажиллаж юм байна. Тухайлбал, Зохион байгуулалтын арга хэмжээг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын, Мэдээлэх, тайлбарлан таниулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан нарын, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, энэ талаар ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын ахалсан хэсгүүд хийж гүйцэтгэх юм байна.

Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолтой холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат:


-Өнгөрсөн цаг хугацааг эргэн харахад Үндсэн хуульд тодорхой хүрээнд өөрчлөлт хийх асуудал зайлшгүй чухал байгаа нь харагдаж байна, эрдэмтэн судлаачид, олон нийт, улс төрийн намууд ч ингэж үздэг. Ардчилсан шинэ Үндсэн хуульд маань олон сайн тал бий ч гэлээ дутагдал доголтой, бүдэг бүрхэг зүйл ч бас байна. Ялангуяа сүүлийн үед ардчиллын үнэлэмж ихээхэн буурсан, үүнээс үүдэлтэйгээр төрийн үйл ажиллагаа, улс төрийн тогтолцоонд асуудал үүсч байна. Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг дээр маргах зүйл байхгүй. Харин ямар асуудлын хүрээнд хийх, олон түмний оролцоог хэрхэн хангах вэ гэдэгт анхаарах нь чухал. Энэ үндсэн  дээр ард иргэдийнхээ оролцоог хангах нь чухал гэж улс төрийн намууд үзээд төслийг ард нийтээр хэлэлцүүлж саналыг нь авах өргөн хүрээтэй энэ ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Төрийн байгууллагууд, аймаг, нийслэлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажил эрхэлсэн ажлын хэсэг байгуулж ажилд нь оруулах ёстой. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон нутгийн иргэдээр хэлэлцүүлэх ажлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, ажил мэргэжлийн чиглэлээр хэлэлцүүлэх ажлыг төрийн байгууллагууд хариуцаж зохион байгуулна. Мөн улс төрийн намууд өөрсдийн шугамаар гишүүдээрээ хэлэлцүүлж санал дүгнэлт гаргаж Ажлын хэсэгт ирүүлэх юм.  

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч  Ж.Батзандан:


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан. Уг нь энэ ажлыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар яригдаж байсныг хойшлуулж, асуудалд ихээхэн ул суурьтай хандаж иргэд олон нийт, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, төрийн институциудын санал бодлыг сонсож төсөлд тусгах үүднээс гурван сарын хугацаанд улс орон даяар томоохон хэлэлцүүлгүүд өрнүүлэхээр Улсын Их Хурал шийдвэрлэсэн.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээний асуудлаар улс төрийн намууд ерөнхийдөө ойлголцолд хүрч байгаа, хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй байр сууриа нэгтгэж нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байгаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар:


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын дэмжсэн цөөн хэдэн багц асуудлын хүрээнд нийт иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодол, байр суурийг нь сонсох юм.

Манай Ажлын дэд хэсгийн тухайд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр онолын хялбаршуулсан тайлбар боловсруулж тараах, төслийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа. Иймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэд олон нийтэд тайлбарлан таниулж сурталчлах, санал бодлыг нь өргөн хүрээтэй өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-06-05 15:34  720