УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Сангийн сайд болон бусад Засгийн газрын гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хураалтаар нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль, тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Төсвийн тогтвортой байдлыг хангах, сахилга батыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөв санхүүгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онуудад 6 хувиар өсөхөөр Засгийн газар төсөөлжээ.
Ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцсон хэмээн мэдэгдэв.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар тусгасан болохыг Сангийн сайд онцолсон юм.
2019 оны төсвийн тухай хуулиар батлагдсан 2020 онд шилжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлэхээр тусгасан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дагалдуулан Засгийн газрын 2019-2022 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Өмнөх өрийн удирдлагын дунд хугацааны стратеги 2018 оноор дуусгавар болж, тухайн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан 2019 онд гарсантай холбоотойгоор дээрх баримт бичгийг боловсруулжээ.
Цаашид өрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд,
1. Төсвийн сахилга батыг сайжруулах, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, шинээр зээллэг хийх хэрэгцээг багасгах,
2. Гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах. Хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх,
3. Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзаж, урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг олж ашиглах,
4. Засгийн газрын үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан систем нэвтрүүлж, иргэд арилжаанд түлхүү оролцох боломжийг бүрдүүлэх,
5. Барих-шилжүүлэх концессийн гэрээ байгуулах, вексель бичих зэргээр өр өсгөхгүй байх зэрэг асуудлыг тусгасан хэмээн танилцуулсан юм.
Дээрх хууль, тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.
Сангийн сайдын танилцуулга болоод, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөл сүүлийн үед анхаарал татаж байгааг дурдаад энэ зээлийг олгох хэдий хэрийн санхүүжилтийн бололцоо бийг тодруулж байлаа. Мөн төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах, төсвийг тодорхой бодлого дээр суурилан төлөвлөх тал дээр ямар арга хэмжээ авч буйг лавласан. Түүнчлэн гааль, татварын шинэчлэлийн авчрах үр нөлөө, цалин, тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн нэмэх талаар мэдээлэл авахыг хүсч байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр танилцуулсаныг дурдаад, энэ үеэр бүлгийн гишүүдийн зарим нь болгоомжилж, анхааруулж, зарим нь эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байсан гэлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газар саналаа өгөөгүй байгаа гэдгийг Сангийн сайд онцолсон.
Төсвийн сахилга бат сайжирч, хариуцлагажиж эхэлсэн байна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн. 2018 оны төсвийн гүйцэтгэлээс харахад хөрөнгө оруулалтаас бусад бүх зардал хэмнэлттэй гарсан нь үүний нэг жишээ хэмээсэн юм.
2018, 2019 оны төсвийг тодорхой бодлого дээр үндэслэн төлөвлөсөн гэж Сангийн сайд мэдэгдсэн. Сугалаа сугалж аз таарсан нэг нь сургууль, цэцэрлэгт ордог, эмнэлгийн хүрэлцээ муу байгаа зэргийг харгалзан боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү тавьсан гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотын цэвэр усны хангамж, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх, аялал жуулчлалыг бодлогоор дэмжих, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талд хөрөнгө оруулалтыг чиглүүлж байгааг мөн тодотгосон юм.
Цалин тэтгэвэрийг 2018, 2019 онд нэмсэн. 2020 онд ч нэмнэ. Гэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулна хэмээн Сангийн сайд хариултдаа дурдсан.
2019 онд гаалийн шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулснаас гадна татварын багц хуулийг шинэчилсэн нь хувийн хэвшил, бизнесээ дэмжиж, ажлын байрыг бий болгох, эдийн засгийг тэтгэхэд чухал алхам болсныг Сангийн сайд онцолж байлаа.
Татварын багц хуулийн хэрэгжилтийг эхлүүлснээр бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, 2020 онд төсвийн орлогыг 2019 оны батлагдсан түвшинээс 1.4 их наяд төгрөгөөр илүү төвлөрүүлэхээр тооцож буй аж.
Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлэх замаар төлөхөөр тооцоолж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгааг тэрбээр хэлсэн.
Эцэст нь хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.