Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өнөөдрийн (2021.10.22) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 52.3 хувь нь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.
Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болохоор зохицуулсан.
Хууль санаачлагчид Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал гэж үзэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлснээ Х.Булгантуяа гишүүн танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг холбогдох олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт албан тушаалд Улсын Их Хурлын гишүүн сонгогдон ажиллах боломж олгохын тулд заавал хуульд нэмэлт оруулах шаардлагатай эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагад ямар байгууллагыг ойлгох, гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал гэдгийг хэрхэн ойлгох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-т Улсын Их Хурлын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхлэх боломжтой байхаар зохицуулсан одоогийн зохицуулалт хэр зохистой талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаар Б.Пүрэвдорж гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын Б.Энхбаяр, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан бол төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улс гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангана” гэж заасан байдаг, энэ хүрээнд Монгол Улсын олон улсын тавцан дахь үйл ажиллагаа бүх салбарт идэвхтэй байх шаардлагатай гэдгийг Ц.Мөнхцэцэг хэллээ. Тийм учраас Улсын Их Хурлын гишүүн олон улсын байгууллагын удирдлагад байх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, бүс нутгийнхаа хүрээнд улс орныхоо нэр хүндийг өргөх, олон талын болон хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх эерэг үр нөлөөтэй байх тул төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд мөн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгааг илэрхийлсэн. Шаардлагатай бол гишүүд эл асуудлаа Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлэдэг байх зохицуулалтыг төсөлд тусгах бололцоо бий гэв. Н.Учрал гишүүн ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг Г.Занданшатар дарга хэлээд “Улсын Их Хурлын гишүүдийн үндсэн үүрэгт нь хамаарах ажлаар олон улсын болон тодорхой төрлийн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдон ажиллах эрх зүйн орчныг нээлттэй болгохгүй бол дээрх шиг тохиолдол хуулийн зөрчил мэт харагдах талтай. Тиймээс энэ онцлогийг тооцож, иргэд олон нийтэд танилцуулж, судалгаа хийж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй” гэв.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.5 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.
УИХ дахь АН-ын бүлэг Лхагва гараг хүртэл завсарлага авлаа
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Монголбанкнаас 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус тус танилцуулав.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2022-2024 онд +1-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулж, ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангах, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодпогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хяналт, шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж байгаа зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад тавих хяналт, шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгож мөрдүүлэх, төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хэрэгжүүлэх, банкны салбарын эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгаж нэгдмэл байдпыг хангах, зээлийн мэдээлэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, буцаан худалдан авах барьцаат санхүүжилтийн хэлцлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглах техникийн болон мэргэжлийн ур чадварыг үе шаттайгаар бүрдүүлж эхлэх зэрэг бодлого, арга хэмжээнүүдийг тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэжээ. Тогтоолын төслийг хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр иргэдийн орлогыг хамгаалах, зах зээл дэх тодорхой бус байдлыг бууруулах, санхүүгийн хүртээмжийг дээшлүүлж, ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад эерэг нөлөөтэй тул инфляцийг нам түвшинд барих дээр анхаарах, төсвийн орлогын өсөлт хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байдал, иймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд төсвийн болон мөнгөний бодлогоор дэмжих, ханшийг тогтвортой барихад валютын нөөц чухал тул үүн дээр анхаарч ажиллах, уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулж эдийн засгаа төрөлжүүлэх, доллар орж ирэх сувгийг олон болгож ханшийг тогтвортой байлгах, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх, эдийн засгийн халалтаас сэргийлж репо санхүүжилтийн хэмжээг багасгаж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх шаардпагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг арилжааны банкны санхүүжилтээр 10 их наядын хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдэд очих хэрэглээний зээл багасч, банкуудын төгрөгийн харилцах, хадгаламжийн хэмжээ болон төв банкны үнэт цаас нэмэгдэж байгаад хяналт тавих, шаардлагатай бол үр дүнгийн талаар Байнгын хороонд танилцуулах, цаашдаа хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж эдийн засгийг сэргээх, бодит ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын зээл олгох, ийм боломжийг эрж хайх тухай саналыг гаргасан гэв.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хөтөлбөр хэрэгжсэнээр бодит салбараа дэмжээгүй, мөнгө угаасан байж болзошгүй асуудалд анхаарах, төв банкны цахим мөнгө гаргах гэж байгааг дэмжиж, энэ тал дээр судалгаа хийх, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, дотоодын үнэт цаасны сувгийг нээхэд хамтарч ажиллах, Засгийн газрын түвшинд хил, гааль, ачаа тээврийн асуудлаа зохицуулахгүй бол Монголбанк дангаараа инфляцийг удирдаж чадахгүй нөхцөл бий болохыг анхаарах, Монголбанк ажлын байрыг өндөр өртөгтэйгээр хамгаалж байгаа нь зорилтот түвшиндээ хүрэхгүй байгааг болон Монголбанк улс төрөөс хараат бус, хамааралгүй байх ёстойг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Төв банк улстөрчдөөс хамааралгүй, гүйцэтгэх засаглалаас хараат бус бие даасан байдпаа хадгалж байж систем зөв явах, төсвийн болон мөнгөний бодлогоо уялдуулах, томоохон аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах, хадгаламж өссөн боловч жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжээгүй, ажпын байрыг нэмэгдүүлээгүй нь 10 их наядын хөтөлбөрийн хүртээмж муу байгааг харуулж байгаа тул 2.5 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн сэргэлтийг дэмжих, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжих, ингэснээр инфляциа барих, ажпын байраа хадгалах, нэмэгдүүлэх тал дээр хатуу анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг гаргасан болохыг санал, дүгнэлтэд дурдсаныг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганын нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цар тахлын үеийн хүндрэлээс хэрхэн гарах, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортод чиглэсэн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын бодпогыг дэмжихэд чиглэсэн бодитой заалт оруулах, 10 их наядын хөтөлбөрийг эдийн засгаа нөхөн сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түлхүү чиглүүлэх, үүн дотроо ипотекийн зээл, малчдыг болон хөдөө, аж ахуйг дэмжихэд чиглэсэн зээлийг нэмэгдүүлэх, хугацааг нь урт болгоход анхаарах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хатуу хяналт тавих гэсэн санал гаргасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Тогтоолын төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм. Д.Ганбат гишүүний тодруулсны дагуу гадаад валютын албан нөөцийн талаар мэдээлэл өглөө. Манай улсын импортын 8 орчим сарын хангах хэмжээний нөөц байгаа бөгөөд энэ нь олон улсын стандартын дагуу хангалттай хэмжээ гэв. Экспорт гацсан, импортын ачаа эргэлтээс үүдсэн асуудлуудаас үүдээд гадаад валютын албан нөөцийн өсөлт зогсонги байдалд байгаа ч ханшийг савлуулахгүй хэмжээнд, нөөц хангалттай бий гэж үзэж байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилтийн талаар, тус банкны хэтийн төлөвийн талаарх Төв банкны байр суурийг тодруулж, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчөөс хариулт авсан.
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг болох ямар арга хэмжээг дээрх бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан талаар тодруулсан. Ажлын байртай холбоотой нэг нааштай үзүүлэлт байгаа нь зээл 2020 онд 4-5 хувиар агшиж байсан бол энэ онд 16 хувийн өсөлттэй байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дуулгаад “Энэ өсөлтийг дотор нь задлаад харах юм бол хэрэглээний бус дандаа бизнесийн зээл байгаа юм. Энэ нааштай үзүүлэлт нь Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний оновчтой, үр дүнтэй байгаагийн илрэл гэж үзэж байгаа. Ажлын байрыг дэмжих, нөгөө талаасаа худалдан авалтыг дэмжих нөлөө үзүүлж байгаа гэж харж байна. Энэ нь эргээд гадаад худалдааны тэнцэл дээр харагдаж байна. Бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ татан авч буй нь импортын тоон үзүүлэлт дээр харагдаж байгаа юм” гэв. Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” нь эдийн засгийг эрчимжүүлэхэд банкны салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй байсан гэдгийг мөн тэрбээр тайлбарласан. Дэлхий нийтээр эмзэг бүлгийн иргэдэд цар тахлын нөхцөл байдлын үзүүлсэн нөлөөг анхаарч, чанарын асуудалд анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, амьдрах орчны чанарын асуудал, нийгмийн халамжийн үр дүнтэй бодлогын асуудлыг дэлхий нийтээр хөндөж байгаа гэдгийг Б.Баярдаваа захирал дурдсан. Энэ утгаараа ирэх оны төрийн мөнгөний үндсэн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлэх тогтоолын төсөл дээр эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг сайжруулах зорилтыг чухалчлан тусгасан гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин зээлийн чанарын талаар тодруулж, хариулт авав. Нийт зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын байдлаар 19 их наяд 690 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 9 хувь нь чанаргүй, 6.1 хувь нь анхаарал хандуулах ангилалд байгаа гэлээ. 2015-2016 оны үед чанаргүй зээл 14 хувьд хүрч байсантай харьцуулахад цар тахлын өнөөгийн нөхцөлд дээрх хэмжээний үзүүлэлттэй байгаа нь авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний сайн үр дүн, цаашид нэмэгдэхгүй гэж Төв банк үзэж байгаа гэв. Арилжааны банкуудын IPO хийх төлөвлөлтийн талаарх асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулахдаа, энэ оны арваннэгдүгээр сард эхний банк IPO хийхээр төлөвлөсөн бөгөөд томоохон банкууд ирэх оны 5-6 дугаар саруудад төлөвлөсөн байгаа. Нийт 11 банкны төлөвлөгөөг хүлээн авч, хянаад байгаа хэмээн дуулгав. Нийт дүрмийнх сангийнхаа 5-15 хувийг олон нийтэд нээлттэйгээр санал болгож буюу 500-700 тэрбум төгрөгийг босгох төлөвлөгөөг ирүүлээд байгаа аж.
Г.Амартүвшин гишүүн койны нөхцөл байдал, зохицуулалтын талаар мөн асууж, тодруулсан. Криптовалютийн зохицуулалт нь манай улсад төдийгүй олон улсад нэн тулгамдсан асуудал болоод байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлээд “Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 зөвлөмжийн 15-д улс орнууд болон санхүүгийн байгууллага нь а) шинэ бүтээгдэхүүн, бизнесийн хэрэглээнээс үүдэлтэй (тухайлбал, түгээлтийн шинэ механизм); болон б) шинэ бүтээгдэхүүн буюу хөгжүүлж байгаа технологитой холбоотойгоор үүсч болох МУТС эрсдэлээ тодорхойлж үнэлнэ. Санхүүгийн байгууллагын хувьд шинэ бүтээгдэхүүн, бизнесийн хэрэглээг болон шинэ, хөгжүүлж байгаа технологи нэвтрүүлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийж мөн эрсдэлээ удирдах, бууруулах шаардлагатай арга хэмжээг авбал зохино. Улс орнууд виртуал хөрөнгөтэй холбоотой эрсдэлийг удирдах, бууруулах үүднээс виртуал хөрөнгөтэй холбоотой үйлчилгээ үзүүлэгч нарыг тусгай зөвшөөрөл эсвэл бүртгэлд хамруулж ФАТФ-ын Зөвлөмжийн холбогдох заалтыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байгаа. Энэ зөвлөмжийн биелэлт дээр манай улс “хагас” гэсэн үнэлгээтэй явж байна. Үүнийг “бүрэн” гэсэн үнэлгээтэй болгохын тулд эрх зүйн орчныг бүрдүүлэх шаадлагатай байгаа. Дэлхийн банкны зөвлөхүүд, Монголбанк болон санхүүгийн салбарынхан хамтран холбогдох төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байгаа” гэлээ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос энэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг судалж байгаа ч маш өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа, хуулийн төсөл дээр энэ төрлийн үйл ажиллагаанаас ямар нэг төрлийн эрсдэл үүсэх юм бол төр хариуцахгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан гэлээ. Мөн иргэд, олон нийтэд энэ талаарх мэдээ, мэдээлэл, сануулгыг хүргэж байгаа аж.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, С.Чинзориг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Э.Батшугар, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга. Д.Баярсайхан болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг нягтлах шаардлагатай гэдэг үндэслэлээр завсарлага авахаа мэдэгдсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.4-т заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг 1 удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно” гэж заасан байдаг.
Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт ирэх Лхагва гараг (2021.10.27) хүртэл завсарлага өглөө. Завсарлагын хугацаа дуусмагц Эдийн засгийн байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулахдаа дараах асуудлуудыг анхаарах чиглэл өгсөн юм. Тухайлбал, мөнгөний бодлого төсвийн бодлогыг уялдуулах, инфляц онилсон мөнгөний бодлого төлөвлөлтийг өөрчлөх, банкуудын IPO хийх үйл явцыг Монголбанк хүнд суртал гаргахгүйгээр шуурхай зохион байгуулах, дэмжлэг үзүүлэхэд анхаарах шаардлагатайг чиглэл болгосон. Мөн төсөв мөнгөний бодлогыг уялуулж, тансаг хэрэглээний гэх зэрэг зарим төрлийн татварыг нэмэгдүүлэх замаар зорилтот бүлэг, иргэдийн орлого, амьжиргааг дэмжиж, хамгаалан, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мөнгө хүүлэх сэтгэлгээнээс салж, хөрөнгө оруулалтыг дэмжин, зээлийн хүүг бууруулж, үйлдвэрлэгч орон болох чиглэлд бодлогын зорилт, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг чиглэл болгосон. “Улсын Их Хурлаас явуулсан бодлого, зохицуулалтын үр дүнд цар тахлын нөхцөлд зээлийн хүү буурлаа. Үйлдвэрлэгч орон болох зорилгоор үйлдвэрлэл, худалдааны бодлого, төлөвлөлт хариуцсан шинэ яам байгуулахаар асуудлыг хэлэлцэж байна” хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ. Түүнчлэн хөрөнгийн болон даатгалын тогтолцоог хөгжүүлэх, Монголбанк цахим төгрөг гаргах асуудлыг судалж, хэрэгжүүлэх үүргийг биелүүлэх чиглэлийг өгсөн юм. Тэрбээр “Бага дэвсгэртүүдийг цахимаар гаргах боломж бий бөгөөд хөрш орнуудаас эхлээд энэ төрлийн арга хэмжээг дэлхийн улс орнууд авч эхлээд байгаа. Бид хоцорч болохгүй. 100 төгрөгийн дэвсгэртийг хэвлэх өртөг нь 160 төгрөг байдаг. Энэ ашиггүй хувилбарыг өөрчилж, цахим хувилбарт шилжүүлэх бололцоо, шинэ технологийг судалж, хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Цахим мөнгө нь ул мөр нэн тодорхой байдаг учраас авлига, хээл хахууль болон санхүүгийн бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөөтэй. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлье” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр үйлдвэрлэгч, энтрепренер сэтгэлгээ, чиг хандлагатай улс орнууд л хөгжиж, мөнгөн тэмдэгт нь нэн тогтвортой байх тул энэ бүхнийг мөнгөний бодлогоороо дэмжиж, хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Үүний тулд төсөв, мөнгө, өрийн бодлогууд харилцан уялдаатай байх ёстой бөгөөд дээрх чиглэлийг Эдийн засгийн байнгын хороо, Монголбанканд өгөв. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.