Цэс

Холбоо барих

Байнгын хороо сонгуулийн хуулийн шинэ төслүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хамтран “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг  өнөөдөр (2018.10.25) Төрийн ордонд зохион байгуулав.


    Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны дарга, намын бүлгийн дарга нар, хуулийн шинэ төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн болон ажлын дэд хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд,  эрдэмтэн судлаачид оролцлоо. 

    Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан удирдан явуулсан юм.

    Хэлэлцүүлэгт оролцогчид үдээс өмнө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг сонсож, хуулийн төслийн үзэл баримтлал, зүйл, заалтуудтай холбогдуулан санал бодол, байр сууриа хуваалцаж, Ажлын хэсгийн ахлагч болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

    Харин үдээс хойших хэлэлцүүлгээр эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнийн хийсэн танилцуулгыг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 1993, 2012 онд батлагдсан хуулиар явуулж ирсэн бол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдаж, уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан.

    Гэвч 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд болон хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагууд, сонгогчид, нэр дэвшигчид, сонгуульд оролцсон нам, эвслүүдээс удаа дараа илэрхийлж байжээ.


    Ер нь Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь тус тусдаа зохион байгуулалтын онцлог шинж чанартай, процессын үйл ажиллагаатай бөгөөд ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, зарим харилцаанд хуулийн зохицуулалт орхигдсон зэргээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж байгаа аж.

    Иймээс Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 195 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн ерөнхий зарчмыг баримтлан боловсруулжээ. Ингэхдээ сонгууль тус бүрийн онцлогийг хуулийн төсөлд тусгаж өгсөн байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар 2017 онд зохион байгуулж явуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцад хууль хэрэгжүүлэх шатанд гарч байсан хуулийн зүйл, заалтын давхардал, зөрчил, нэр томьёо, агуулгын ойлгомжгүй байдал, хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэхэд гарч байсан эргэлзээг засаж сайжруулах үүднээс шинэ төслийг боловсруулсан талаар хуулийн тодорхой зүйл, заалтад үндэслэн танилцуулсан юм. 


    Хуулийн төслийн үзэл баримтлал, төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид санал бодлоо хэлж, байр сууриа илэрхийллээ.

    Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 1996, 2007, 2012 онд батлагдсан хуулиар тус тус зохион байгуулж иржээ. Харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулиар Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан.

    Эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд болон хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээж оролцдог төрийн байгууллагууд, сонгогчид, нэр дэвшигчид, сонгуульд оролцсон нам, эвслүүдээс удаа дараа илэрхийлж байсныг үндэслэн орон нутгийн сонгуулийг тусад нь бие даасан хуулиар зохион байгуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.


    Нийтдээ 12 бүлэг, 89 зүйлтэй уг хуулийн төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар 2016 онд зохион байгуулж явуулсан Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн явцад хууль хэрэгжүүлэх шатанд гарч байсан хуулийн зүйл, заалтын давхардал, зөрчил, нэр томьёо, агуулгын ойлгомжгүй байдал, хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэхэд гарч байсан эргэлзээг нэг мөр болгож засах, алдаа дутагдлыг дахин давтахгүй байхад чиглэсэн зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

    Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад өгсөн хариултдаа, сонгуулийн нэгтгэсэн гурван хуулийг тус тусад нь бие даасан хууль болгож гаргах саналыг Сонгуулийн ерөнхий гаргасан. 2015 онд тухайн үеийн Улсын Их Хурлаас Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар санал авах үед эдгээр хуульд тус тусад нь нэмэлт, өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй, нэгтгэсэн нэг хууль болгож гаргахыг дэмжихгүй гэсэн саналаа өгч байсан. Тиймээс хуулийн бие даасан төслүүд гаргахтай холбогдуулан Улсын Их Хурлын ажлын хэсэгт хуулиудын төслийн зүйл, заалт тус бүртэй холбогдох саналуудаа гаргаж өгсөн. Ингэхдээ 1992 оноос хойш батлагдаж тухай бүр хэрэгжиж байсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай бүх хуульд харьцуулсан судалгаа хийж үзсэний үндсэн дээр бие даасан хуулийн төслүүдэд оруулах саналаа нэгтгэн боловсруулж өгсөн, төсөлд нь тодорхой тусгалаа олсон саналууд ч нэлээд байгаа гээд төсөлд тусгагдсан зарим саналынхаа үндэслэлийг тайлбарлаж танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэ удаагийн хэлэлцүүлэг нь  сонгуулийн хуулиудыг улам боловсронгуй болгох, өмнө гарч байсан алдаа дутагдал, ойлгомжгүй байдлыг засаж сайжруулах, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой болсныг онцлоод хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлэв.


    Мөн Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Энэ үндсэн дээр  Улсын Их Хурлын даргны захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан сонгуулийн бие даасан гурван хуулийн төслийг та бүхэнд танилцуулж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Эдгээр хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг  цаашид үргэлжлүүлж, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотойгоор асуудлыг ярилцаж ойлголцон, эрх зүйн зөв зохицуулалт хийхэд Ажлын хэсэг анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.   

    Сонгуулийн бие даасан гурван хуулийн төслийн талаарх энэ удаагийн хэлэлцүүлэгт улс төрийн 20 гаруй намын удирдлагууд, мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид оролцож санал бодлоо хуваалцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл