Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

    Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр (2018.07.03)  хэвлэлийн бага хурал хийлээ. 


     Хэвлэлийн хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд энэ удаагийн ээлжит чуулганаар хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулав. Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан гэдгийг тэрбээр онцоллоо. Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх бололцоо бүрдэж байгаа гэв. Түүнчлэн Монгол Улсын валютын нөөц, төсвийн орлого нэмэгдэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Олон жил улс төрийн үл ойлголцлоос үүдэн гацаж байсан энэхүү шийдвэрийг энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн, холбогдох тогтоолыг баталснаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх Тавантолгойн төсөл энэ намраас эхлэх боломж бүрдсэн байна. 

    Улсын Их Хурлын дэд дарга үргэлжлүүлэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм. Уг тогтоолын хүрээнд манай улсын нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхлээд байгаа. Цаашид төсвийн алдагдал багасан, эдийн засгийн өсөлт нэмэгдэх хэрээр төсвийн орлого нэмэгдэх юм бол хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэн хүүхэд бүрт олгох шийдвэр гаргах боломж бий гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ. 

    Банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр батлагдсан хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Банкны хөрөнгө оруулагчид, эздийг хариуцлагажуулах, банкинд байршиж буй иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй болгох хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байна. Мөн банкны эзэд дур зоргоороо бизнесийн салбартай өрсөлддөг, хөрөнгө оруулалт хийдэг байдлыг таслан зогсоож, зөвхөн банк санхүүгийн үйлчилгээгээ ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, ард иргэдийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй хадгалах үүргийг биелүүлэх хязгаарлалтыг хуульд тусгасан гэлээ. Иргэдийн ихээхэн хүлээж буй зээлийн хүүг бууруулах чиглэлээр Улсын Их Хурал энэ чуулганы хугацаанд анхаарал хандуулан ажиллаж, тодорхой ажлуудыг хийсэн аж. Энэ талаар Улсын Их Хурлын дэд дарга онцлон, дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улс анх удаа мөнгөний бодлогодоо зээлийн хүү бууруулах асуудлыг тусган, зээлийн хүү бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг Монголбанкинд өгсөн юм. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх мэдээлэл”-ийг сонсож, цаашид зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар чиглэл өгсөн. Иргэдийн дунд цалингийн, малчны, тэтгэврийн болон ипотекийн зээлийн хүү буурах хүлээлт их байгааг тэрбээр дурдаад “Зээлийн хүүг үе шаттай бууруулах боломж бий гэж бид харж байна. Монголбанкны дээрх хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм бол 2018 онд арилжааны банкуудын иргэдэд олгох зээлийн хүү 2-3 хувь буурах бололцоо бий гэж харж байна” гэсэн. Орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, зээлийн тогтолцоог иргэдэд дэмжлэг болох хувилбараар өөрчлөх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурал тодорхой ажлуудыг хийж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн мэдээллийн үеэр дуулгав. Орон сууцны зээл авсан иргэд зээлийн төлбөрөө төлөөд байхад үндсэн зээлээс маш бага дүнгээр хасагдан, хүүгийн төлбөрийн дарамтад ордог одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэн бөгөөд нэн тэргүүнд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг 5 пунктээр бууруулах боломж бүрдсэн байна. Ингэснээр иргэд 25 хувийн урьдчилгаа төлж орон сууцны зээлд хамрагдах бололцоо бүрдээд байгаа юм. Түүнчлэн өрхийн орлогын ихэнхийг ипотекийн зээлийн төлбөрт зарцуулдаг байсныг өөрчилж, өрхийн орлогын 40 хүртэл хувийг ипотекийн зээлийн төлбөрт төлөх, үлдэж буй мөнгөө хуримтлал хэлбэрээр өрхийнхөө амьжиргааг дэмжих, дээшлүүлэх чиглэлээр ашиглах боломж бүрдсэн байна. 


    Банк, санхүүгийн зах зээл дэх Засгийн газрын оролцоог багасгах арга хэмжээ авсны үр дүнд иргэд орон сууцны зээл, аж ахуйн нэгжүүд бизнесийн зээл авах бололцоо нэмэгдэж буй ач холбогдолтой талаар мөн тэрбээр мэдээлэл өгсөн юм. Өмнөх Засгийн газрууд маш өндөр хүүтэйгээр буюу жилийн 15-16 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаас их хэмжээний зээл авдаг байсан. Засгийн газрын энэ төрлийн зээлийн хэмжээн 4 их наяд төгрөгт хүрээд байжээ. Энэ байдлыг өөрчилсөн бөгөөд үүний үр дүнд  дээрх хэмжээний зээлийг арилжааны банкууд иргэдэд ипотек, аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, бизнес дэмжих чиглэлээр олгох нөхцөл бүрджээ. 

    Ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан улсын бүртгэлийн багц хуулийн талаар мөн Улсын Их Хурлын дэд дарга онцлон танилцуулав. Төрөөс бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд сурталтай, төвөг чирэгдэл ихтэй, төр өөрт буй мэдээллээ иргэдээс дахин шаарддаг байсныг дээрх багц хууль баталснаар өөрчилж байгаа аж. Иргэдэд шуурхай, хүнд сурталгүйгээр төрийн бүртгэлийн үйлчилгээг  хүргэх эрх зүйн орчин бүрдсэн байна. 

    2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Иргэдэд газар олгох хугацаа дууссан байсныг сунгах шийдвэрийг Улсын Их Хурал дээрх хуулийн хүрээнд гаргаж, үүний үр дүнд газраа хувьчилж авч амжаагүй, газар эзэмших эрхээ авч чадаагүй иргэд газар эзэмших, ашиглах боломж хууль эрх зүйн хүрээнд нээгдэж байгаа ач холбогдолтой юм байна. 

    Мөн тэрбээр 60 гаруй мянган багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэн, хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар онцоллоо. Хууль батлагдсанаар багш нарын цалингийн тогтолцоо өөрчлөгдөж, үйл ажиллагааны үр дүнд суурилсан тогтолцоонд шилжих аж. Мөн сургууль бүр хувьсах зардлынхаа 2 хувийг багш нарын хөгжилд зарцуулах зохицуулалт хуульчлагджээ. Монгол Улс анх удаа бага ангийн туслах багшийн орон тоог бий болгох эрх зүйн орчин бүрдүүлжээ. Түүнчлэн багшийн мэргэжил эзэмшсэн хүмүүс дахин сургууль төгсөж байж багшлах эрх авдаг байсныг өөрчилсөн гэдгийг хэллээ. Багш нар 5-10 жил ажилласан тохиолдолд зэрэг, дэв нэмдэг байсныг хуулиар өөрчилж, чадварлаг, үр дүнтэй ажилласан багшийг ажилласан жилээс үл хамааран зэрэг, дэв нэмэх бололцоо бүрдүүлсэн байна. 

    Улсын Их Хурлын дэд дарга үргэлжлүүлэн Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээллийг хүргэсэн юм. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хянан шалгах эрхийг хэрэгжүүлэх зорилго бүхий 5 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар, 10 ажлын хэсэг Байнгын хороодын тогтоолоор байгуулагдан ажиллажээ. Давхардсан тоогоор Улсын Их Хурлын 101 гишүүн ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна.  

    Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгааг тэрбээр танилцууллаа. Мөн Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятавын ахалсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн талаар дурдаж, тодорхой санал дүгнэлтийг танилцуулахаар ажиллаж байгааг сэтгүүлчдэд дуулгалаа. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг Оюу толгойн хөрөнгө оруулалтуудын гэрээтэй танилцаж, тус компанийн үйл ажиллагаа Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу явагдаж буй эсэх, дэд бүтцийн өртгүүд нэмэгдэж буй шалтгаан, уул уурхай болон байгаль орчны чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, дүнтэй танилцсан гэдгийг хэллээ. 

    Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, тус ажлын хэсгийн санал дүгнэлийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцсэн юм. 

    Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дэлгэрэнгүй танилцуулав. “Энэ чуулганаар хэлэлцсэн өөр нэг чухал асуудал бол Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль байв. Намрын ээлжит чуулган шинэ дэгээр хуралдана. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүд бусдын картыг бүртгүүлж ирцэд нөлөөлөх боломжгүй болж байна. Мөн өөр гишүүний кнопыг дарж санал өгөх тогтолцоог халж байна. Улсын Их Хурлын гишүүд хурууны хээгээр Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болж байгаа юм” гэлээ.  


    Тус хэвлэлийн бага хурлын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ээлжит чуулганы үйл ажиллагааны талаарх тоон мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр “2018 оны хаврын ээлжит чуулган тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн бөгөөд энэ талаарх тоон мэдээллүүдийг харж болно. Ээлжит чуулган бүрийн үйл ажиллагааны тоон мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газар тогтмол бэлтгэж ирсэн бөгөөд 2017 оны намрын ээлжит чуулганаас эхлэн олон нийтэд танилцуулж байгаа” гэв. Ингээд тэрбээр Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх тоон мэдээллүүдээс заримыг онцоллоо. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн чуулган 27 удаа, Байнгын хороод болон Дэд хороод нийтдээ 101 удаа хуралджээ. Хуралдаан саатсан, ирц хүрээгүйгээс хойшилсон тохиолдол гараагүй байна. Чуулганы нэгдсэн хуралдаан тогтмол 10.00-10.05 цагт эхэлж байсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаан ихэнхдээ цаг сунган үргэлжилж байжээ. Улсын Их Хурлын нийт гишүүд энэ ээлжит чуулганы хуралдаанд 7877 цаг хуралдсан бөгөөд энэ Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийнхээ хугацааны эхний дөрвөн ээлжит чуулганы хугацаанд нийт 32.763 цаг хуралдсан байна. Харин 2018 оны хаврын чуулганы хугацаанд нийт гишүүдийн таслалт 233 цаг, дөрвөн чуулганы байдлаар нийтдээ 1245 цаг таслалттай байгааг танилцуулсан. Эдгээр тоон мэдээллийг өмнөх парламентуудын мөн үеийн тоон мэдээллүүдтэй харьцуулж харвал энэ удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн идэвх, ирц харьцангуй сайн байгааг харж болох юм байна. 




    Өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дөрөв дэх чуулганы нийт дүнгээр  25739 цаг хуралдсан байсан бол энэ удаагийн Улсын Их Хурал даруй 7000 гаруй цаг илүү хуралдсан аж. Тасалсан цагийн хувьд энэ удаагийн Улсын Их Хурлын гишүүд 10.000 цагаар бага таслалттай байгаа юм. 


    Ийнхүү хэвлэлийн бага хурлын төсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл