Цэс

Холбоо барих

ХЗБХ: ФАТФ-ын зөвлөмжийн 35 нь “хангалттай”, 5 нь “дунд” үнэлгээтэй байгаа гэв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.09) хуралдаан 10 цаг 51 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан эхлэв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-оргил танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн байна. Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төсөл дэх өмгөөлөгчид хориглох зүйл, үйл ажиллагаатай холбоотой 15, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэж, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 15 дугаар зүйл болгох, хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхойлох саналыг гаргажээ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. 


    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасан байдаг. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт, тайлбар авсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргахад Байнгын хорооны гишүүд 83.3 хувь нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ.


Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Дараа нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. 

    Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг тэрбээр танилцуулгын эхэнд дурдлаа. Үүнтэй холбоотойгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

    Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхий  зөвлөлийг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахтай холбоотой зохицуулалтыг нэмэх,  хуулийн зарим тодорхойгүй зохицуулалтыг холбогдох хуультай уялдуулах, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, нийгмийн бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал болон хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмсэн байна. Төслийн 2 дугаар зүйлд сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах,  баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг оруулахтай холбоотой нэмэлтийг оруулжээ. Түүнчлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай төсвийг тодорхой болгох, хуулийн зарим зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өөрчлөн найруулах аж. Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд зарим нэр томьёог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн томьёолох, сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгож байгаатай холбогдуулан зарим зүйл, хэсэг, заалтын нэр томьёонд өөрчлөлт оруулах юм байна. Төслийн 5, 6 дугаар зүйлд шаардлагагүй, ач холбогдолгүй болон давхардал, хийдэл, зөрчил үүсгэсэн асуудлыг арилгах зорилгоор зарим зүйл заалтаас үг өгүүлбэр хасах, зарим зохицуулалтыг хүчингүй болгох зохицуулалтыг тусгажээ. 

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Мөнх-оргил, Н.Оюундарь нар асуулт асууж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авлаа. Холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулсан байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн ондоо 34 арга хэмжээ, 2015 онд 85 арга хэмжээг авч хэрэгжүүлж байжээ. Цагдаагийн Ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулснаас хойш 2016 онд 42 хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол 2017 онд 36 арга хэмжээ, өнгөрсөн онд 65 хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар 105 иргэнийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа талаарх тоон мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга Б.Буянтөр танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечилсэн хамгаалалт, мэдээллийн нууцлалыг хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, аюулгүй газарт түр байрлуулах зэрэг 6 төрлийн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Гэрч, хохирогчийг сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын байдлаар нийт 31 иргэнийг хамруулжээ. Энэ онд хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж буй 105 иргэний 7 нь гэрч, 92 нь хохиргогч бол 4 нь хамаарал бүхий этгээд, 2 нь прокурор гэлээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд нийтдээ 367 иргэнийг хамгаалалтын арга хэмжээнд авч ажилласан байна.    

    Хамгаалалтын арга хэмжээний зардлын талаар Ц.Мөнх-оргил гишүүн тодруулахад, биечилсэн хамгаалалт бол аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээний зардал харьцангуй өндөр болохыг холбогдох албан тушаалтан тайлбарлав. Түүнчлэн хамгаалалтын арга хэмжээний зардал төсөвт тусгагдаагүй байдаг улмаас хүндрэл үүсдэг, зарим тохиолдолд алба хаагчид хувиасаа мөнгө, хөрөнгө зарцуулж байгаа гэлээ. Иймд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний зардлын асуудлаар Сангийн яам болон холбогдох талуудад хүсэлт, тайлбар, мэдээллээ хүргүүлээд байгаа гэв. Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний талаар Н.Оюундарь гишүүн тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан.  

    Төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 6 нь буюу 54.5 хувь нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

    Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил, Ц.Гарамжав нар асуулт асууж, тайлбар мэдээлэл авлаа. Саарал жагсаалтад орох эрсдэл дагуулаад байгаа нэг гол асуудал нь банк бус санхүүгийн байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн чулууны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг байгууллага гэсэн гурван төрлийн байгууллагын үйл ажиллагаа хянах боломжгүй, энэ талаар эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт, үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад оруулах асуудлыг хуульчлах шаардлага үүссэн байна. Олон улсын байгууллагын зүгээс банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор тавьж буй шаардлага нь мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаанд хяналт тавих, мөнгөн гуйвуулга хүлээн авч буй хүмүүсийг бүртгэлтэй холбоотой зөвлөмжийг 2016 онд ирүүлжээ. Санхүүгийн зохицуулах хороо гадаад улсад мөнгөн гуйвуулга хийж буй, мөнгө хүлээн авч буй хүмүүсийн бүртгэлийг сайжруулсан гэв.

    Өнөөдрийн байдлаар 538 банк бус санхүүгийн байгууллага, 278 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ тоо сүүлийн гурван жилийн хугацаанд тогтвортой байгаа гэдэг мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг өгсөн юм. Тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан тохиолдолд оноож буй шийтгэл нь үр нөлөө багатай байна хэмээн үзэж торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг төслүүдэд тусгасан байна. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн оролцогчдыг тогтмол хянаж, шалгахтай холбоотой зохицуулалтыг төслүүдэд тусгаад байгаа аж. Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн байдлаар 2010 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянадаг байна. Хэлэлцэж буй төслүүд батлагдсанаар улсын бүртгэлд бүртгэлтэй 5000 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхэлдэг хуулийн этгээд, 190 орчим алт, үнэт эдлэлийн арилжаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд тус хороо хяналт тавих юм байна. Үйл ажиллагаа ийн өргөжиж буйтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах шаардлага үүсч байгаа аж. 


    ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тодруулсан гишүүдийн асуултад Монголбанкны холбогдох мэргэжилтэн хариулт өглөө. 2017 онд дээрх 40 зөвлөмжийн 20 нь хангалтгүй гэдэг үнэлгээ авсан бол үнэлгээг ахиулах тайланг 2019 оны 08 дугаар сард хамгаалж 15 зөвлөмжийн биелэлтийн үнэлгээг ахиулсан байна. Өнөөдрийн байдлаар 35 зөвлөмжийн хэрэгжилт “хангалттай” үнэлгээтэй байгаа бол 5 зөвлөмжийн хэрэгжилт “дунд” үнэлгээтэй байгаа гэв. 

    Ингээд хуулийн төслүүдтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл