Цэс

Холбоо барих

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.27) хамтарсан хуралдаан  19 цаг 46 минутад гишүүдийн 56.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан явуулсан бөгөөд “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын төслийг танилцуулсан.

    Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн юм. Төслүүдийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүлсэн юм.


    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт “Нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн 1 төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар, хэрэв ийнхүү нэгтгэхийг зөвшөөрөөгүй бол тус тусад нь санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу дээрх гишүүдийн тус тусдаа өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэх, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, П.Анужин, Ш.Адьшаа, Н.Наранбаатар нар ажиллана.


    Ингээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулсан юм. Ажлын хэсэг нэг удаа, дэд ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, нэгтгэсэн төслийн саналыг томьёоллыг бэлтгэжээ.


    Төслүүдийг нэгтгэж, саналын томьёоллыг бэлтгэхдээ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зорилтын хүрээнд давхардсан зарим заалтыг хассан байна. Тухайлбал, “Засгийн газрын тогтоолоор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан тэмдэглэлт өдөр, баяр ёслолын хүрээнд хийгдэж байгааг ажиллагаанд энэхүү хуулийн үйлчлэл хамаарахгүй” гэснийг, “Халдварын тохиолдол, тэдгээрийн хавьтлыг олж тогтоож, илрүүлэх, шинжилгээ авах, сорьц цуглуулах, тусгаарлах, хорио цээр, хязгаарлалтын дэглэм сулруулах, хөл хорионд орсон иргэдийг харьяалах оршин суух газарт нь зорчих үйл ажиллагааг иргэдийн амьдралын наад захын хэрэгцээ, хэрэглээг хязгаарлахгүйгээр удирдан зохион байгуулахыг” гэснийг тус тус хасжээ. Түүнчлэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсаас Монгол Улсын иргэдийг тусгай үүргийн нислэг, хилийн авто замын болон төмөр замын боомтоор татан авах төлөвлөгөө, хуваарийг гаргах, гадаад улстай дипломат шугамаар зохион байгуулах, ипотекийн зээлийн гэрээний хугацаа сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн, банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах, нэмэлт өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрсөн юм уу, энэ хуульд зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцох зэргээр өөрчлөн найруулсан гэв.


    Хуралдаанд оролцсон гишүүд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу нэгтгэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсэг болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл