Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв

  2020-01-16 13:07  332

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    УИХ-ын чуулганы өнөөдрийн (2020.01.16) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 15 цаг 37 минутад эхэлж, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. 


    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 9 гишүүнээс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

    Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 06 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийгУлсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишуүн Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилсан байна. 

    Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаарх дараах саналыг нэгдсэн хуралдаанд танилцуулж байгааг уг санал, дүгнэлтэд дурджээ. Тухайлбал, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл, оюуны өмч бүтээгч, эзэмшигчдийн шаардлага, нөхцөл байдлыгхаргалзан орон нутагт хэлтэс, тасаг байгуулах хууль, эрх зүйн боломжийг нээх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд, хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх эрхийг хэрхэн авах, түүний үйл ажиллагааны чиг үүргээс гадна, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох зэрэг асуудлыг тусгасан байна. 


    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 3 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Комиссын нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх саналыг дэмжлээ

    Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Байнгын хорооны 2019 оны 09 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд нар ажилласан байна. Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.11-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд “комиссын гишүүн нь эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан тушаалтныг албан тушаалаас нь түдгэлзүүлэх” гэсэн санал олонхийн дэмжлэг аваагүй тул нэгдсэн хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлан үг хэлж санал хураалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Байнгын хороо хуулийн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцсэн болохыг Л.Энхболд гишүүн танилцуулсан. 


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тодруулга хийж, тайлбар мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй  25 саналын томьёолол, Байнгын хорооны дэмжээгүй зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “Комисс улсын төсвөөс санхүүжинэ. Комиссын дарга төсвийн төслийг Улсын Их Хурлын даргад хүргүүлж, Хууль зүйн байнгын хороогоор төслийг хянуулахаар оруулна. Хууль зүйн байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 22 буюу 56.4 хувь нь дэмжив. Түүнчлэн Комисс үйл ажиллагаандаа баримтлах зарчмын талаарх, бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, Комиссын гишүүдийн сонгон шалгаруулалтын талаар болон Комиссын гишүүдийн жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Түүнчлэн найруулгын шинжтэй 2, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 2 саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. 

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

    Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хууль зүйн байнгын хороонд танилцуулжээ. Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 2 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2020-01-16 18:05  332