ТОЙМ МЭДЭЭ: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга өндөрлөлөө

  2017-05-01 09:46  3190

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга 2017 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь өдөр /2017.04.30/-ийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2017 оны 04 дүгээр сарын 30. Ням гараг.


"Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага нь УБХ гэсэн хоёр танхимтай байх" сэдвийг танилцуулав

“Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.


1924, 1940 оны Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Ардын Их Хурал хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах” гэж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал байна” гэж заажээ.


1992 оны Үндсэн хуулийн төсөл боловсруулах үеийн үзэл баримтлалд Улсын Их Хурлыг өөрчлөх хоёр хувилбарыг дэвшүүлж байжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улс парламентын хоёр танхимтай байх асуудлаар санал хураалт явуулсан боловч олонхийн дэмжлэг аваагүй байна.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүлэв

Хэсгийн хэлэлцүүлгээс нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг томъёолж, экспертүүдээс асуулт асууж хариулт авах юм.

Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвийн хүрээнд:

- Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах;

- Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох сэдвээр хэлэлцэх юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Төрийн эрх барих дээд байгууллага болон хууль тогтоох байгууллагын бүтцийн талаарх VI сэдвийн нэгдсэн хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр (2017.04.30) хоёр дахь өдрөө үргэлжилж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулга “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, Хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” сэдвийг 10.40-12.10 цагийн хооронд нэгдсэн хуралдаанаараа хэлэлцлээ.

Энэ сэдвийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат даргалж, хэсгүүдээс ирүүлсэн асуултад хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Ардын Их Хурлын депутат асан, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, хууль зүйн ухааны доктор, профессор, академич  Ж.Амарсанаа нарын экспертүүд хариулт өгөхөөр оролцов. Хуралдаан даргалагч экспертүүдэд хандан хэт нэг тал болон хувь хүний байр суурийг баримталсан мэдээллээс зайлсхийж, олон улсын нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд тулгуурласан баримт, тайлбар бүхий хариулт өгөх шаардлагатай гэдгийг анхааруулав. Төлөөлөгч нэг минутад багтаан асууж, эксперт хоёр минутад багтаан хариулт өгөх журмыг нэгдсэн хуралдаанд баримталсан юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Төрийн албыг бэхжүүлэх тухай гуравдугаар сэдвийг танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт (2017.04.30) “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийн танилцуулгаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дээрх үндсэн сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтын нийт төлөөлөгчдөд хэлэлцүүлэх 3  саналыг танилцууллаа.


Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон аж. Гэвч, төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой  гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна хэмээн үзжээ.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

“Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг танилцууллаа

Зөвлөлдөх уулзалтад оролцогчдод УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг танилцууллаа.


Судлаачид үзэхдээ нэг талаас улс төрөөс хараат бусаар энэ байгууллагыг байгуулснаар төрийн өндөр дээд албан тушаалтны сахилга хариуцлага тооцох, харилцан хяналтын тогтолцоо бодитой хэрэгжинэ гэж үздэг бол нөгөө талаас ийм байгууллага нь одоо байгаа байгууллагын эрх хэмжээтэй давхардаж байгаа, тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт тодорхой биш,  байгууллага байгуулснаар зорилгодоо хүрнэ гэсэн баталгаа байхгүй гэж шүүмжилдэг.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Зөвлөлдөх санал асуулгын гурав, тав дахь сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүллээ

Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдэв буюу “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, тав дахь сэдэв болох “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” талаархи сэдвүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хийсэн юм.

 

Тэгвэл дээрх сэдвүүдээр үдээс хойш 13.20 цагт оролцогчид 49 хэсэгт хуваагдан нээлттэй хэлэлцлээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Байнгын хорооны Ажлын хэсгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг өнөөдөр (2017.04.30) 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс нийгмийн бүх давхаргыг төлөөлсөн түүврийн судалгааны аргачлалаар сонгогдсон 700-гаад хүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Анхдугаар санал асуулгын хэлэлцүүлгийн талаарх нэгдсэн хуралдааныг телевизүүд шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгааг дурьдаад анхдугаар Зөвлөлдөх санал асуулга нээлттэй, ил тод байдлаар үргэлжилж байгааг онцлов.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

“Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийн нэгдсэн хуралдаан боллоо

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаархи анхдугаар зөвлөлдөх санал асуулгын өнөөдрийн /2017.04.30/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийг хэлэлцлээ.

 

Энэхүү сэдвийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан даргалж, хэсгүүдээс тавьсан асуултад Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sс.D), профессор Ч.Энхбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нарын экспертүүд хариулт өгсөн юм.

 

Нэгдсэн хуралдаанд Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгох тулгамдсан шаардлага бий юу. Ингэснээр улстөрөөс хараат бус байж чадах уу гэсэн хэсгүүдээс ирүүлсэн асуултуудад экспертүүд хариулт өглөө.

 

Эксперт Д.Тогтохсүрэн, Үндсэн хуульд төрийн албаны талаар тун бүрхэг тусгагдсан. Төрийн алба улс төрөөс ангид байх, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх зэрэг таван үндсэн зарчмыг Үндсэн хуульд тусгах саналтай байгаа. Ингэж чадвал бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаад явах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Сүүлийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг хэлэлцлээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хамгийн сүүлийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” тавдугаар сэдвийг хэлэлцлээ.

 

Энэ сэдвийн хүрээнд:

- Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох,

- Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуулиар бий болгох,

- Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Сонгогдсон төлөөлөгчид санал асуулгын хуудас бөглөлөө

“Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, "Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох", "Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх", "Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх", "Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах", "Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх" зэрэг нийт зургаан сэдвийн хүрээнд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

 

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцсон Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлөл болсон 750 орчим төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгын хуудсыг бөглөлөө.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга өндөрлөлөө

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнөөдөр (2017.04.30) өндөрлөлөө.


Нэгдсэн хуралдааны үеэр хэсгүүдээс нийт 91 асуулт буюу нийт хэсгийн 57,1 хувь нь хоёроос дээш асуулт, үлдсэн хувь нь нэг асуулт тавьжээ. Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн 68 настай Б.Отгоннамжил найман асуудлаар 20 гаруй хуудас протокол хөтөлж, Зөвлөлдөх зөвлөлийнхөнд хүлээлгэн өгөв. Төлөөлөгчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулгын хуудас бөглөж, Зөвлөлдөх зөвлөл тэрхүү санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж, УИХ-д танилцуулахаар боллоо.


Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хааж үг хэлэв.

Тэрбээр, Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хоёр дахь бодит оролдлого хийж байна. Анхных нь 1999-2000 оны УИХ, Үндсэн хуулийн Цэц дамжсан үйл явц, эцэст нь одоо "дордсон” гэж нэрлээд байгаа долоон  өөрчлөлт. Тэр үед нэг талаас төрийн ажил гацсан, эрх зүйн зохицуулалтын зөв буруугийн талаар тодорхой хэмжээний эргэлзээ үүссэн уур амьсгалтай байсан. Нөгөө талаас дээрх өөрчлөлтүүдийг өргөн олон нийтээр хэлэлцүүлээгүй, зөвхөн улс төрийн хүрээнд тухайн үед эрх барьж байсан намын, УИХ-ын хүрээнд түргэн гоомой шийдвэрлэсэн. Энэ нь дээрх өөрчлөлтүүдийг шүүмжлэх гол шалтгаан болсон. Тийм ч учраас сүүлийн гурван  УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд улс төрийн хүрээнд болон нийгэмд яригдаж, тодорхой саналууд гарч, хуулийн төслүүд өргөн мэдүүлж байсан. Харин тодорхой шалтгаанууд тухайлбал, нийгэм даяараа нэгдсэн ойлголтод хүрэх ажлын зохион байгуулалт, дэг журам тодорхой бус, төвөгтэй, магадгүй нийгэм дэх хүлээлт өөрөө зүй ёсны түвшиндээ хүрээгүй байсан зэргээс болоод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлого бодитой үр дүнд хүрээгүй юм” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.


Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



  2017-05-01 09:46  3190